Д.Ганбаяр: Хулгайн 57 удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг шалгаж байна
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Ганбаяртай ярилцлаа.
-Халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Оны эхний долоон сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт, хэрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 1714 бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй 1040, зөрчлийн шинтэй 674 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байгаа. Гомдол мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 402 гомдол мэдээлэл буюу 19 хувиар буурсан үзүүлэлт гарсан.
-Хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Энэ үеэр хулгайн гэмт хэрэг идэвхжиж ирдэг. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
-Хичээлийн шинэ жил дөхөхөд хөдөлгөөн эрс нэмэгэддэг. Манайхаас халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагчидтай хамтарч хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг нөхөн илрүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байна. Эзэн холбогдогч нь тогтоогдсон хэргүүдийг хуулийн хүрээнд түргэн шалгаж шийдвэрлэх талаар анхаарч ажиллаж байна.
Энэ үеэр оюутнууд сургалтын төлбөрөө бэлнээр хийх тохиолдол байдаг. Хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд халаасны хулгайн талаар мэдээлэл тааруу байдгийг хулгайчид олзолдог. Мөн дунд сургуулийн хүүхдүүд хулгайд эд зүйлсээ алдсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. Хичээлийн ээлж солигдох бужигнаантай үеэр хүүхдүүдийн утас хулгайлдаг асуудал түгээмэл байна. Бид дунд сургуулиудын ойр орчимд эргүүл шалгалт зохион байгуулах ажлыг үе шаттайгаар төлөвлөөд явж байна.
-Халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг нийтийн тээврийг камержуулсан. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд камержуулалт хангалттай байна уу?
-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн компаниудтай хамтарч камержуулах ажлыг “Улаанбаатар смарт карт” компани өөрийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Одоо хүний бөөгнөрлийг дагаад гудамж талбай олон нийтийн газар, зах худалдааны төвүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихэснэ. Иргэд камертай гэдэгт найдаж сонор сэрэмжээ алдахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Бөөгнөрөл ихсэх тусам энэ төрлийн гэмт хэрэг гарах магадлал ихэсдэг.
-Иргэд гол төлөв юугаа хулгайд алдаж байна вэ. Их хэмжээний бэлэн мөнгө халааснаасаа алдсан тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх тал дээр учир дутагдалтай байна гэх иргэдлийн гомдол гарч байгаа харагддаг…
-Хохирол нөхөн төлүүлэлт урьд онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт гарсан. Гарч байгаа халаасны хулгайн гэмт хэргийн 80-90 хувьд гар утас алдагддаг. Одоо цагт их хэмжээний бэлэн мөнгө цүнхлээд явдаг хүн ховор болсон. Бүх зүйлс цахимжиж иргэд интернэт банк, мобайл банкаар гүйлгээ хийдэг болсон шүү дээ. Халаасны хулгайчид өндөр настнуудыг онилдог болсон. Тэтгэврийн мөнгөө авч яваад суйлуулсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. Ер нь тэтгэвэр буудаг өдөр халаасны хулгайчид банкны ойр хавиар өндөр настнуудыг хохироох тохиолдол бий. Мөн оюутан сурагчид нийтийн тээврээр зорчихдоо нөүтбүүкээ хулгайд алдсан хэрэг хэд хэд гарсан.
-Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй иргэд хэд байдаг вэ. Тэдний үйлдэлд цагдаагийн байгууллагаас хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Цагдаагийн байгууллагын цахим санд 2017 оноос хойш хулгайн гэмт хэрэг үйлдэж бүртгэлд орсон 507 этгээд бий. Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн гэмт хэрэг илрүүлэх үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор цахим санг байгуулсан. Нийслэлийн зарим хөл хөдөлгөөнтэй газруудад царай таних камеруудыг туршилтын журмаар байршуулж өгсөн. Сэжигтэй этгээд камерт орж ирэхэд тухайн байгууллагын хамгаалалтын албанд мэдээлэл ирнэ. Цагдаагийн байгууллага тухайн байгууллагын аюулгүй байдлын албатай хамтарч ажилладаг. Царай таних камер ашиглаж улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан хэд хэдэн этгээдийг олж тогтоосон.
-Царай таних камерыг хаана ямар газруудад байршуулаад байна вэ?
-Хулгайн хэрэг ихээр үйлдэгддэг зах худалдааны төвүүдэд байршуулах албан мэдэгдэл хүргүүлээд хамтарч ажиллаж байна. Эхний ээлжинд Хархорин худалдааны төвд туршитын журмаар байршуулсан нь үр дүнгээ өгсөн. Цаашид “E Mart” сүлжээ худалдааны төвүүдэд царай таних камер байршуулахаар холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцаж байна. Ингэснээр хулгайч нар алхах гишгэх газаргүй болж байгаа юм. Тав алхахгүй баригдана гэсэн үг. Цаашид томоохон зах худалдааны төвүүдэд байршуулахаар холбогдох хүмүүстэй ярилцаж, камержуулах ажлыг тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
-Хөл хөдөлгөөн их байдаг аж ахуйн нэгжүүд камержуулах тал дээр та бүхнийг хэр дэмжиж ажиллаж байна вэ. Үйлчлүүлэгчид рүүгээ чиглэсэн бус зөвхөн өөрсдийн эрх ашгийг илүүд үзсэн байр суурьтай байгаа анзаарагддаг шүү дээ?
-Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд өөсдийнхөө аюулгүй байдлыг хангах чиглэлээр камер суурилуулдаг. Тус газраас иргэдийг ая тухтай үйлчлүүлэх тал дээр анхаарч чанар стандартын шаардлага хангасан камерыг суурилуулахаар мэдэгдлүүдийг өгч хамтарч ажиллаж байгаа.
-Эд зүйлсээ хулгайд алдсан иргэд өөрсдөө камер шүүх эрх зүйн үндэслэл байдаг уу. Аж ахуйн нэгжүүд камер шүүлгэхээс татгалздаг юм билээ?
-Эд зүйлсээ хулгайд алдсан тохиолдолд мөрдөн шалгаж буй эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд камерыг шүүж шалгалтын ажиллагаа явуулдаг. Иргэд өөрсдөө шүүнэ гэвэл ямар нэг санаа зорилгоор, хувийн ашиг сонирхлоор камер үзэх гээд байж болно шүү дээ. Үүний цаана олон хүний эрх ашиг хөндөгдөж болох учраас хязгаарлалттай байх нь зөв.
-Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг дөрвөн холбогдогчтой бүлэг этгээдүүдийг илрүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн байранд орогнож байхад нь баривчилсан. Уг этгээдүүд 57 удаагийн үйлдлээр иргэдэд 88.1 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Мөн уг этгээдүүдтэй ижил төстэй аргаар үйлдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргүүд дээр холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байна. Хулгайч нарын арга улам л нарийсч байна. Хулгайч нар хуучин гудамжинд явж байгаад л хулгай хийдэг байсан бол тээврийн хэрэгсэл ашиглаж хөл хөдөлгөөнтэй газар луу дөхөж зогсоод л хулгай хийчихээд яваад өгдөг болсон.
Хаана хэний анхаарал сарниж байна, хэн бэлэн мөнгөтэй байна гэдгийг судалж байгаад хулгай хийдэг. Удахгүй ханиад томууны улирал эхэлнэ. Энэ үеэр иргэд олноор улсын томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлдэг. Хулгайч нарын анхаарал эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүс рүү чиглэж эд зүйлсийг нь хулгайлдаг. Иргэд энэ үеэр эмнэлгээр үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.
Эх сурвалж: Өдрийн сонин