Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан.
УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, хэсэгчилсэн хориг тавьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Улмаар УИХ-ын гишүүдийн 77.9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ, “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч нь зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бус ер нь хууль санаачлах эрх нь хадгалагдах нь зүйтэй.
Жишээ нь, өнгөрсөн хугацаанд “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль”-д Монгол Улсын Ерөнхийлөгч чухал саналуудыг хууль санаачлагчийнхаа зүгээс ажлын хэсэгт хүргүүлж, хэлэлцэж, УИХ баталж байв. УИХ-ын үйл ажиллагаа тодорхой хугацаанд доголдож, түр саатсан үед Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачилж, төрийн үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг гаргаж байв” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Туваан мөн энэ үеэр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн гэж хуульчилж, Үндсэн хуульд ингэж зааж өгсөн. Төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг хязгаарлаж байгаа нь логикийн хувьд зохимжгүй байна. Бүх ард түмнээс сонгогддог, маш олон хүний саналаар гарч ирдэг мөртлөө эргээд тэр хүмүүст, ард түмэнд тулгарсан асуудлыг шийдэх гээд хууль санаачлах эрхийг нь хязгаарлаж байгаа нь логикийн хувьд буруу юм. Үүнийг засах нь зүйтэй” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавих асуудлаар өмнө нь УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулсан билээ. Байнгын хороодын гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.