“Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт”-ын асуудлаар хэлэлцэв
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг /2020.08.19/ Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа, УИХ-ын сонгуулийн үеэр Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн талаар нийгэмд буруу ташаа мэдээлэл түгээх санаатай болон санамсаргүй үйлдэл гарч эхэлсэн. Эндээс улбаалсан ойлголтын зөрүү гарч байгаатай холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгуулж байна гэж тэмдэглээд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зорилгын нэг нь Монгол Улсад гүнзгийрсэн орлогын тэгш бус байдлыг арилгах, байгалийн баялгийг замбараагүй, нэгдсэн бодлогогүй ашиглаж байгаа байдлыг зогсоох, ард түмэндээ баялгийн өгөөжийг тэгш, шударга хуваарилах, өмнөх алдааг засаж залруулахад оршиж байсан гэж онцоллоо.
Түүнчлэн газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх бөгөөд гаднын иргэдэд худалдах тухай ямар ч зүйл, заалт байхгүйг Үндсэн хууль болон бусад хуулийн заалтуудаас эшлэн тайлбар өгөв.
Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.