ЭМЯFocusШинэ мэдээ

Амьдран суугаа газартаа шаардлагатай эмчилгээ үйлчилгээгээ авдаг болно

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг тэгш сайжруулж орон нутгийн эмнэлгүүдийн чадавхыг нэмэгдүүлэх замаар иргэд оршин суугаа бүс нутагтаа чанартай тусламж үйлчилгээ авдаг болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү бодлогын арга хэмжээг нэн түрүүнд хэрэгжүүлж байгаа эмнэлгүүдийн нэг нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг.

Тус эмнэлгийн шинэ байр 10-р сард ашиглалтад орно. Гэвч хүний нөөцийн болон багаж тоног төхөөрөмжийн дутагдалтай хэвээр байгаа. Тиймээс шинэ эмнэлгийн байр ашиглалтад орохоос  урьтаж хүний эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн болон хүний нөөцийн бэлэн байдлыг хангаж эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хэсэг байгуулагдсан юм. Энэхүү ажлын хэсэг хуралдлаа.  

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХҮНД ТӨРЛИЙНХӨӨС БУСАД БҮХ МЭС ЗАСЛЫГ ХИЙДЭГ БОЛНО 

Тус ажлын хэсгийн боловсруулсан төлөвлөгөөний үр дүнд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүнд төрлийнхөөс бусад мэс заслыг хийдэг болж, шинээр нярайн тасаг, сүрьеэгийн тасгууд байгуулагдана. Мөн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийг тусад нь байгуулж, уламжлалт, сэргээн засах, физик эмчилгээний тасгууд, эрүүл мэндийг дэмжих төвийг шинээр байгуулахаар зорьж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хурлын төгсгөлд “Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах асуудал нь зөвхөн Говьсүмбэрийн асуудал биш. Энэ ажил нь цаашдаа аймгийн эмнэлгүүд ямар төлөвлөлтөөр яаж хөгжих вэ гэдэгт жишиг болох ёстой. Орон нутгийн эмнэлгүүдийн чадавх дээшилснээр иргэд заавал Улаанбаатар хотод ирж цаг, мөнгөө үрэхгүй. Амьдран суугаа газартаа шаардлагатай эмчилгээ үйлчилгээгээ авдаг болно. Мөн эмнэлгүүдийн хувьд ч  гүйцэтгэлд суурилсан шинэ тогтолцооны дагуу санхүүжилт нэмэгдэж,  ажилтнуудынхаа цалин хангамжийг сайжруулах боломж бүрдэнэ” гэсэн юм.

Эх сурвалж: ЭМЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version