НийслэлFocusШинэ мэдээ

Дугаарын хязгаарлалтын бүсийг зөрчвөл 20-200 мянган төгрөгийн торгуультай

Дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг энэ сарын 14-ний өдөр баталсан. Энэ дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтыг зөрчвөл торгууль ногдуулах юм.

2020 оны наймдугаар сарын 17-ноос бүсчлэлийн тэмдэгүүд бүрэн хийгдэж дууссан тул иргэд, олон нийт дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдэгийг анхаарч, хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан анхааруулсан.

Дугаарын хязгаарлалтын эхлэл болсон улаан тэмдэг нь бүсийн эхлэл, хар тэмдэг нь бүсийн төгсгөлийг илэрхийлнэ.

Энэ бүсэд өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл автомашины дугаараар ангилан дараах өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал,  

  • Даваа гарагт 1, 6
  • Мягмар гарагт 2, 7
  • Лхагва гарагт 3, 8
  • Пүрэв гарагт 4, 9
  • Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин дугаарын хязгаарлалтад орно.

Тоймлон хэлбэл хамгийн хойд цэг болох 32-ын тойргоос эхлэн Баянбүрд, 100 айл, Хүнсний 4-р дэлгүүр, Дарь-Эхийн уулзвар, Сансарын аюулгүйн тойрог, зүүн 4 зам, Офицеруудын ордоны тойрог, Чулуун овоо, Дүнжингаравын уулзвар дугаарын хязгаарлалттай бүсэд орж байна. Олимпийн гүүрний урд талын уулзвараас хойд хэсэг дугаарын хязгаарлалттай бүсэд хамаарах юм. Мөн Нарны зам бүхэлдээ хамаарч, 120 мянгатын Тэмээтэй хөшөөтэй уулзвараас хойшхи хэсэг, Механик инженерийн сургуулийн уулзвараас хойд чиглэл бүхэлдээ дугаарын хязгаарлалтад орно. Ингээд Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвараас хойд чиглэл, Саппорогийн уулзвар, 3, 4 дүгээр хорооллын эцэс, Өргөөгийн уулзвар, Тасганы овооны уулзвар, Дэнжийн 1000-ын уулзвар хойшоогоо 32-ын тойрог гэсэн маршрутаар дугаарын хязгаарлалт үйлчилнэ.  

Дугаарын хязгаарлалтыг зөрчсөн иргэн 20 мянга, хуулийн этгээд 200 мянган төгрөгийн торгуультай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version