УИХЭнэ өдөрОнцлох

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЗХ-ний 336 дугаар ангид ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн мягмар гаригт Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцсан бол түүний ажлын айлчлал энэ удаад Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангид үргэлжиллээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг дагалдан Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаныхан ажиллаж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг Хүндэт харуул жагсаж угтсаны дараа ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар ангийн түүхэн замнал, ололт амжилт, үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Түүнчлэн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын байр, цэргийн гал тогоо, эрүүл мэндийн төв, угаалгын газар болон цаашид засварлаж, сайжруулах шаардлагатай зарим барилга байгууламжтай биечлэн танилцлаа.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үргэлжлүүлэн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Засгийн газар, Батлан хамгаалах салбарын цаашдын бодлого, Зэвсэгт хүчний өөрчлөлт, шинэчлэлийн талаар танилцуулсан юм. Тухайлбал, “Сая ангийн танилцуулгыг сонсоод сууж байхад та бүхэн анги, хамт олноороо олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна. Хүнтэйгээ тулж ажилладаг, хүнээ боддог чадварлаг ажилтнууд энэ ангийн удирдлагаар томилогдон ажиллаж байгаад баяртай байна. Миний хувьд энэ салбарт тасралтгүй 35 жил зүтгэсэн хүний хувьд салбарынхаа үүрэг гүйцэтгэх боломж, дэвшүүлсэн зорилго, зорилтууд бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага, тулгамдаж буй асуудлын талаар маш сайн мэднэ. Цаашид ямар ажил хийж хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэх, сургалт бэлтгэлүүдийг ямар байдлаар явуулбал илүү үр дүнтэй зэрэг олон зүйлийг мэднэ. Ялангуяа, цэргийн жинхэнэ алба хаах тогтолцоог илүү төгөлдөржүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, зэвсэг, техникийн бэлэн байдлыг хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Манай цэргийн алба хаагчид өөрийн ажил, үүргээ зөвхөн цалин авах боломж гэдгээр биш бахархал талаас нь харж байгаасай. Өнөөдөр цэргийн алба хаагчид улс орны бүтээн байгуулалтыг нуруундаа үүрч, дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг бид бүхэн харж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын далангийн ажлыг 100 хувь хийж дуусгасан. Одоо төмөр замын трассыг тавьж суурилуулах ажилд үүрэг гүйцэтгэж байгаа. Сүүлийн жилүүдэд улс орны стратегийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний алба хаагчид гар бие оролцсон” хэмээн онцолсон юм. Мөн үргэлжлүүлэн хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын туслах аж ахуйг хөгжүүлж, өөрсдийн нормын хүнсний хэрэгцээгээ тариалаад, бие бүрэлдэхүүнээ эрүүл хүнсээр хангах ажлыг нь дэмжинэ. Энэ нь мэдээж зохистой харьцаанд байх хэрэгтэй. Тариалсан хүнсний ногооныхоо үр шимийг нь бүрэн дүүрэн хүртдэг байх ёстой” гэв. Уулзалтын төгсгөлд тус ангийн зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтныг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнасныг гардуулан өгсөн юм.

Батлан хамгаалахын сайдын ажлын айлчлал төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй Зэвсэгт хүчний ангиудад үргэлжилсэн.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version