Гадаад харилцааЯрилцлагаШинэ мэдээ

Англи хэлний сургалтын төв байгуулна

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Хуурай замын командлалаар сонин сайхан юутай байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье …

-Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа 2020 онд дэвшүүлсэн зорилго, зорилтоо хангахын зэрэгцээ цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил, арга хэмжээний өмнө зогсож байна. Яг энэ цаг хугацаанд ЗХЖШ-аас зохион байгуулж байгаа “Штабын бэлтгэл сургалтаар тэргүүлэгч анги шалгаруулах үзлэг”-ээр нэгтгэл, ангиудаа амжилттай шалгаруулж, Хуурай замын цэргийн бэлэн байдлын бодит боломжийг тодорхойлуулж байна.

Мөн Зэвсэгт хүчний 186 дугаар ангитай явуулах Команд штабын хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний ахлах офицеруудын цугларалтаар гаргасан саналыг үндэслэн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн өдөр тутмын үйл ажиллагаанаас гадна командлал болон албан тушаалын 30 айлын орон сууцны гадна, дотно тохижилтыг сайжруулж, албан тушаалтны ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг нь бүрдүүлэх гээд ажил, арга хэмжээ тасрахгүй ундарч л байна даа.

2020 оныг Хуурай замын цэргийн командлалаас “Штабын бэлтгэжилтийг дээшлүүлэх” жил болгон нэлээд ажил, арга хэмжээ төлөвлөсөн. Үүний хэрэгжилт ямар явцтай байна вэ?

-Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган нэгтгэл, ангиуддаа хүргүүлэн, үүрэг даалгавраар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байна. Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын штабын дарга нартай 2020 оны нэгдүгээр сард гурван хоногийн хугацаатай цугларалтыг зохион байгуулж явуулсныг та бүхэн мэднэ. Цугларалтаар штабын бэлтгэл, сургалтыг сайжруулах, удирдах бүрэлдэхүүний тактикийн сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан шийдвэр гаргах, удирдах чадварыг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн сургалт, ярилцлагыг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болж, штабын бэлтгэл сургалт өмнөх оныхоос дээшилсэн гэж үзэж болно.

Гэвч бэлэн байдлыг зөвхөн дан ганц хүнтэй холбож авч үзэж болдоггүй зүйл. Алба хаагчдын маань ашигладаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бас орчин, нөхцөл ч шалтгаална. Одоогийн байдлаар командлалд “Оперативын шуурхай удирдлагын төв”, нэгтгэл, ангиудад “Тактикийн удирдлагын төв”-ийг шинээр төхөөрөмжлөн, цахимаар команд штабын сургуулийг явуулж байгаа бөгөөд цаашид шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаад байна.

2020 онд дэвшүүлсэн зорилго, зорилт, нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал ямар түвшинд байгааг бодитоор тогтоох зорилгоор Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраар ахлуулсан бүрэлдэхүүн өнгөрсөн тав, зургаадугаар сард зүүн, өмнөд, баруун, хойд бүсэд байрлах ангиудад ажиллаж хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэл, сэтгэл зүйн хангалт, цэргийн албаны зохион байгуулалт, сахилга, хариуцлагын байдал, зэвсэглэл, цэргийн техникийн ашиглалт, хадгалалт, арчлан хамгаалалт, ар тал, ахуй хангалт гэсэн хэд хэдэн чиглэлийн хяналт, шалгалт, шалган туслах ажлыг зохион байгуулсан.

Өнөөдөр дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан сургалт, дадлага болон өдөр тутмын үйл ажиллагаа хязгаарлагдмал орчин, нөхцөлд явагдаж байгаа ч бидний хувьд нэгтгэл, ангиудын ололттой талуудыг түгээх, дутагдалтай асуудлыг шийдвэрлэх хүрээнд хугацаатай үүрэг даалгавраар хангаж, биелэлтэд нь хяналт тавьж байна. Үүний зэрэгцээ ЗХЖШ-аас зохион байгуулж байгаа “Штабын бэлтгэл сургалтаар тэргүүлэгч анги шалгаруулах үзлэг”-ээр тэргүүлэгч ангийн уралдаанд нэгтгэл, ангиудыг цэргийн мэргэжлийн удирдлагаар ханган, мэргэжлийн дэмжлэг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар цэргийн хүрээний таван нэгтгэл, анги шалгагдаад байна. Ирэх сараас орон нутгийн ангиуд шалгаруулалтад орно. Энэ уралдааны дүнгээр Хуурай замын цэргийн 2020 онд дэвшүүлсэн зорилго, зорилт хэрхэн биелүүлэгдсэн нь тодорхойлогдох байх.

Удахгүй Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулийн хоёрдугаар төлөвлөлтийн хурал цахимаар явагдана. Энэ талаар тодруулна уу?

-“Сэлэнгэ” тактикийн хээрийн сургууль 2008 онд “Дархан” нэртэйгээр анх зохион байгуулагдсанаас хойш 12 жил тасралтгүй Монгол Улс болон ОХУ-ын нутаг дэвсгэрт явагдаж байна. Энэ жил ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдана. Сургуулийг зохион байгуулах бэлтгэлийг хангахын тулд гурван удаагийн төлөвлөлтийн хурал хийж, эцсийн шийдэлд хүрэх ёстой. Нэгдүгээр төлөвлөлтийн хурал өнгөрсөн 3 дугаар сард ОХУ-д амжилттай явагдсан бөгөөд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраар ахлуулсан бүрэлдэхүүн оролцож сургуулийн анхны өгөгдөхүүнийг тодорхойлоод ирсэн.

Хоёрдугаар шатны хурал 6 дугаар сард манай оронд явагдах байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшилсон. Хуурай замын цэргийн командлалын удирдлагаас ОХУ-ын талд Элчин сайдын яамаар дамжуулан санал хүргүүлсний дагуу 7 дугаар сарын 30-ны өдөр уг хурлыг цахимаар зохион байгуулахаар болсон. Энэ удаагийн хурлаар зургаан асуудлыг хөндөж ярилцана.

Хэдий цар тахлын нөхцөл байдалд олон улсын болон хамтарсан сургалт, дадлага, уралдаан тэмцээн бусад арга хэмжээнүүд тасалдсан ч Хуурай замын цэргийн командлалаас гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Үүний нэг жишээ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлал хоорондын гуравдугаар зөвлөлдөх уулзалт байсан …

-Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт их онцлогтой явагдсан. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Хавай дахь ХЗЦК-тай цахимаар зөвлөлдөх уулзалтаа зохион байгуулсан. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд өмнөх уулзалтуудаар харилцан тохиролцсон үндсэн чиглэлүүдээ хэлэлцсэнээс гадна Хуурай замын цэргийн командлалд “Англи хэлний сургалтын төв” байгуулахаар хоёр тал харилцан тохиролцсон. Үндсэндээ Сургалтын төв байгуулах ажил эхэлсэн гэж хэлж болно.

2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халалт, 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг таталтын тухайд …

-Хэдийгээр цар тахлын аюул буурахгүй байгаа ч энэ удаагийн цэрэг халалт, таталтыг зохион байгуулж таарна. Чухам ямар нөхцөлд, ямар арга, хэлбэрээр, хэрхэн зохион байгуулах асуудлыг удирдлагын түвшинд шийдэж, бид хэрэгжүүлэх учиртай. Өнгөрсөн 5 дугаар сард нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд иргэнийг татаагүй учир 2020 оны хоёрдугаар ээлжээр татагдах хугацаат цэргийн алба хаагчийн тоо нэлээд нэмэгдэнэ. Цаашид хугацаат цэргийн албанд иргэнийг жилд нэг удаа татдаг шийдвэр ч гарч магадгүй.

ЭХ СУРВАЛЖ: “СОЁМБО” СОНИН

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version