Эрээн даавуу хөвөрсөөр, их ажил өрнөсөөр…
Монгол Улсын Их сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан надад дэлхийн хэмжээнд үнэлэгдэх “Эрдэнэт үйлдвэрт” дадлага хийх ховорхон боломж тохиосон юм. Уурхайчны амьдрал, үйлдвэрийн ажлыг Төмөрлөгийн үйлдвэрээр л төсөөлдөг Дарханы охинд энэ сүрлэг үйлдвэр жигтэй сонихон.
Бүтцийн нэгж бүр үйлдвэрлэлийн амин гол судас мөн ч сэтгүүлч эгчийн зөвлөсний дагуу Эрдэнэт үйлдвэрийн “Оёдлын цехтэй” танилцахаар үзэг дэвтрээ бариад догдолж явна.
Цг цг цг автомат оёдлын машины нарийн дуу шуугиж үйлдвэрлэл, цех нэгж гэх жинхэнэ утгаараа авцалдах шиг. Цайвар ягаан хормогчтой оёдолчин бүсгүйчүүд дуу нийлүүлэн мэндэлж угтана. Ажилчдын 60 хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Идэр залуус ч цөөнгүй үзэгдэнэ. Улсдаа ТОП-д эрэмблэгдэх Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээх үйлсэд гар бие оролцох нь нэр төрийн хэрэг билээ.
Цехийн ерөнхий төлөв, аж байдалтай танилцахаар дарга Ц.Батмөнхтэй цөөн хором ярилцав. 1991 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оёдлын цехээр байгуулагдаж, 2006 оноос охин компани болон өөрчлөгдсөн тэд бүтцийн нэгжид багтаад жилийн нүүр үзэж буй гэнэ.
Ажилчдын хувцас, баяжмал зөөвөрлөх уут үйлдвэрлэдэг тэдэнд цех, нэгж болсноор цалин хангамж, техник технологи, үр дүнгийн урамшууллаас эхлээд олон зүйл сайжирч байгаад удирдлага, ажилчдын зүгээс сэтгэл хангалуун байгаа нь илэрхий. Эрдэнэт үйлдвэр 6000 гаруй ажилчинтай.
Жилдээ 580 орчим мянган тонн зэсийн баяжмал 5.3 тонн молибденийн баяжмал гаргадаг энэхүү нүсэр үйлдвэрт оёдлын цехээс сардаа 14 мянга орчим уут нийлүүлдэг ажээ. Мастер Т. Мижиддорж “Эрдэнэт үйлдвэртээ баялаг бүтээж байна гэж бодохоор сайхан. Бид жилдээ 150-170 мянган шуудай нийлүүлдэг.
Үйлдвэр боломж олгож хөрөнгө оруулбал жилийн хэрэгцээ болох 250 мянган шуудайг ч үйлдвэрлэх бүрэн боломжтой. Баяжмалыг ачихын тулд уутны гарцыг тасралтгүй ажиллуулах хэрэгтэй. Үүнд л хамт олон маань сэтгэл нэгдэн ажиллаж байна.
Цехийн 100 гаруйхан оёдолчдын гараас ажилчдын дөрвөн улирлын зузаан, нимгэн хувцас, брезентэн бээлий, хөшиг, бүтцийн нэгжүүдийн оёмол бүтээгдэхүүний захиалга тогтмол гардаг гэхэд торох юмгүй биелж байгаа нь бахархмаар.
Цар тахлын үед ч их ажлын зэрэгцээ 350 мянган угааж хэрэглэж болох амны хаалт оёж хүлээлгэн өгсөн. Оны эхний улиралд л гэхэд 1.5 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Дүнгэнэсэн автомат машины чимээнд чих дөжирч, давчдам санагдавч тэдэнд үл сонсдох мэт баясгалантай хөөрөлдөнө.
Энэ л хүмүүсийн гарт Эрдэнэт үйлдвэрийн өнгө төрх даатгагдсан гэхэд итгэж болмоор. н.Цэцэгмаа “Цехдээ 14 жил ажиллаж байна. Оёдлын V зэрэгтэй. Бүтцийн цех нэгж болсноос хойш цалин нэмэгдэхээс эхлээд ахуй хангамж сайжирч байгаад баяртай байна. Хүнийг хувцаслана гэдэг хамгийн сайхан ажил шүү дээ” хэмээн ярилаа.
Зөөлөн оёдлын хэсгийн эмэгтэйчүүд цайвар ягаан, баяжмалын уутны хэсэг хөх цэнхэр өнгийн хувцастай. Гадаах шар цэцэгс, ногоон чацаргана, мастеруудын саарал хослол ганган зуны гоёлыг улам ч чимнэ. Эрээн даавуу хөвөрсөөр, их ажил өрнөсөөр л.
Тэд энэ удаа ХАБЭА-н хэлтэстэй хамтран ажилчдын хувцасны өнгө, загвар шинэчлэх, жигдлэх ажилд төвлөрч буй. Бүтэц нэгжээс хамааран инженер техникийн болон ажилчдын ажлын хувцасны өнгө өөр өөр байсан бол энэ удаагийн иж бүрэн шинэчлэлээр бүгд ижил болох ажээ.
Цехийн технологич П.Золзаяа “Материал гүйцэт ирээгүй энэ үед байгаа материалаараа шинэ загварын 90 орчим хувцас хийсэн. Үйлдвэрийн халуун нөхцөлд зориулсан агаар нэвтрүүлдэг, хөлс гадагшлуулдаг 100 хувийн нимгэн даавуун цамц оёж байна. Дэлхийн уул уурхайн жишгийг дагуулан бид улбар шар өнгөөр хувцас урласан” хэмээлээ.
Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех бахархам алдартай, хүндтэй үүрэгтэй. Оёдлын машины хүрд эргэх тоолон энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулж буй тэдний хувь нэмэр шүү гэж бодоход өмнөөс нь өөрийн эрхгүй сэтгэл догдолж байна.
М.Марал
Фото: Б.Баттөгс