Гадаад харилцааШинэ мэдээ

Дэлхийн банкны төлөөлөгчидтэй цахим уулзалт хийжээ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дэлхийн банкны Монголыг хариуцсан багийн ахлагч,  эрчим хүчний ахлах мэргэжилтэн Петр Йохансен нарын Дэлхийн банкны төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтад Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга  О.Бавуудорж нар байлцлаа.

Дэлхийн банкны Монголыг хариуцсан багийн ахлагч,  эрчим хүчний ахлах мэргэжилтэн Петр Йохансен Монгол улсад сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсан ч Эрчим хүчний салбар дахь Дэлхийн банкны хамтын ажиллагаа хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэж байгаа бөгөөд Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд баяр хүргэн, амжилт хүслээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллаж буй Дэлхийн банкинд талархалтай хандаж байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Цахим уулзалтын үеэр “Эрчим хүч – 2” төсөл болон Ховд аймгийн Мянгад сумын дэд станцыг түшиглэн барих 10МВт-ын нарны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэх талаар ярилцаж, усан цэнэгт станцын Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах техникийн туслалцааны талаар тодрууллаа. “Эрчим хүч – 2” төслийн хүрээнд “ЭБЦТС” ТӨХК-д 16.187.000 ам. доллар, “БЗӨБЦТС” ТӨХК-д  25 сая ам.доллар, “ЦДҮС” ТӨХК-д 630.000 ам.долларын санхүүжилт буюу нийт 54.400.000  ам.долларын санхүүжилт хийгдэх юм.  Мөн  түгээх сүлжээний алдагдлыг бууруулах хүрээнд шинэчлэлийн ажлууд хийгдэнэ.

Дэлхийн банк Эрчим хүчний яамны хүсэлтийн дагуу Усан цэнэгт станцын ТЭЗҮ-г боловсруулахаар ажиллаж байгаа ба Хэрлэн голын дагуу усан цэнэгт станц барьж байгуулах боломжтой газрын судалгааг хийж ирүүлээд байна. Мөн Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цэнэгт станц байгуулах боломжтой газрыг олж тогтоон Дэлхийн банкны судалгааны  ажилд хамруулахаар илгээгээд байна. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдах эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт  хийгдэж байгаа үед Дэлхийн банк болон Монгол Улсын Эрчим хүчний яам хоорондын хамтын ажиллагааны талаар  цахим уулзалт хийж байгаа нь ач холбогдолтой болохыг онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version