Дээрмийн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид нийслэл Улаанбаатар хотод гарсан дээрмийн хоёр гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Эдгээр гэмт хэргүүд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчид иргэдийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулж үйлдсэн аж. Тодруулбал, тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Драгон” худалдааны төвийн урд дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээллийг 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Л.Түмэнбаяр, цагдаагийн ахлах ахлагч С.Батбаяр нар шуурхай эрэн сурвалжилж ажиллахад Сэлэнгэ аймгийн харьяат, эрэгтэй, 29 настай “Б”-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байхад, Дархан уул аймгийн харьяат, эрэгтэй 24 настай “Г” нь Samsung маркийн гар утас, биет мөнгийг булаан зугтаасныг илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс шалгаж байна
Мөн түүнчлэн 2020.07.19-ний өдөр тус дүүргийн 24 дүгээр хорооны гудманд үл таних 3 залууд дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээллийг авч мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Ганбатын удирдсан бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй, 36 настай “А”-г явж байхад 16-19 насны Б, З, Э нар нь бүлэглэн зодож хэтэвч, биет мөнгө, Huawei маркийн гар утсыг нь дээрэмдэж зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Тиймээс иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, биеэ хамгаалах чадваргүй болсон нэгнээ гэрт нь хүргэж өгөх зэргээр болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан байдаг.