Орон нутагFocusШинэ мэдээ

Үерийн улмаас 8 иргэн амь насаа алджээ

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэх, уруйн үер бууж, иргэд үерт өртөх эрсдэл их байна. Тухайлбал, 07 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 5000 гаруй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 1000 орчим, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1100 орчим бог мал, нийт 7000 гаруй толгой мал хорогдсон байна.  

Төв аймгийн Зуунмод суманд 209, Алтанбулаг суманд 200, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 53, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1971, нийт 2360 гаруй айл өрх,  13 нийтийн орон сууц үерийн усанд автжээ. Түүнчлэн үерийн улмаас 8 хүн амь насаа алдсны  6 нь том хүн, 2 нь хүүхэд байгаа юм.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Хавцгайтын ам” гэдэг газар 07 дугаар сарын 03-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас уруйн үерт автомашинтай явж байсан 5 иргэн үерт өртөж нас барсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 07 дугаар сарын 03-ны өдөр орсон аадар борооны үеэр 3 иргэн мотоциклоор гол гатлах гэж яваад амь насаа алдсан.

            Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 07-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.  Цаашид буюу долдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, үе үе хэт халж, үүнтэй холбоотойгоор зурвас газраар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхи түр зуур хүчтэй ширүүсэх, гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  магадлал өндөр байна.

Амралт зугаалгын улирал эхэлсэн,  баяр наадмын  амралтын өдрүүдээр хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан үерийн аюулаас урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлээс эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих, голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version