Э.Энхболд: Хурдан яваад ирэв үү” гэж хэн ч асуудаггүй
Зам тээврийн хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдтой ярилцлаа.
-Жил бүрийн дулааны аялал, зугаалгын цагаар орон нутгийн замд осол, аваарын зөрчил түгээмэл болдог. Үүнийг багасгах тал дээр ямар арга, хэмжээ авч байгаа вэ?
-Монгол Улсад зам тээврийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа ноцтой тохиолдол хөдөө, орон нутгийн замд гол төлөв гардаг. Тухайлбал, өнгөрсөн онд 561 хүний амь нас хохирсноос 75 хувь нь хөдөө орон нутгийн зам дээр гарсан. Орон нутгийн зам гэдэг нь аймгаас аймаг, аймгаас хот хоорондын улсын чанартай, хатуу хучилттай авто зам бөгөөд ноцтой осол, аваар гарч хүний амь, нас эрсдэх тохиолдол жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Мөн 6-8 дугаар сард 500 орчим хүний амь нас хохирсноос 30 хувь нь орон нутгийн замд гарсан байдаг.
Зуны дэлгэр, сайхан цагт иргэд аялж, зугаалж, олон цагаар авто машин жолоодсоноор ядарч, яарч сандарснаас осол аваар, зөрчил гаргаад байгаа юм. Эдгээрийг бууруулах зорилгоор 2017 оноос эхлээд “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, хөдөө орон нутгийн замд зорчиж байгаа иргэдэд шаардлага тавих чиглэлээр тээврийн цагдаагийн байгууллагаас олон ажлыг зохион байгуулж ирсэн.
-Дээрх аяныг хэрэгжүүлснээр орон нутгийн замын хөдөлгөөнд илэрдэг зөрчлүүд буурсан үзүүлэлт гарсан байна. Энэ жилийн аяны онцлог нь юу вэ?
-Бид дангаараа зохион байгуулснаар энэ ажил үр дүнд төдийлөн сайн хүрдэггүй. Тиймээс төрийн, төрийн бус байгууллагуудыг татан оролцуулдаг бөгөөд ХЗДХЯ-ны Монгол Улс дахь гэмт, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл толгойлж оролцдог. Мөн 21 аймгийн салбар зөвлөл, “Авто тээврийн үндэсний төв”, хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Энэ жил “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2020” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Өнгөрсөн онд аваар осол, зөрчлийн тоо 18, хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд 60 хувиар буурсан.
“Яараад яахав дээ” гэсэн уриан дор энэ аяныг долоодугаар сарын 1-ээс аравдугаар сарын 15-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулна. Өнгөрсөн сарын 30-ны едөр 21 аймгийн Цагдаагийн газрын дарга, гэмт хэргээс урьдчилан, сэргийлэх салбар зөвлөлийн холбогдох албан хаагч, Авто тээврийн үндэсний төвийн салбар, төвүүдийн инженер, техникийн ажилчдыг татан оролцуулж, хэвлэлийн дотоод хурлыг цахим хэлбэрээр хийх зөвлөмжийг хүргүүлсэн. Энэ сарын 1-ний өдөр “Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл 2020’’ нэгдсэн хэвлэлийн хурлыг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгууллаа.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүд зам, тээврийн осолд өртөх явдал цөөнгүй гарлаа. Аяны хүрээнд хүүхдийн амь насыг хамгаалах чиглэлээр ямар ажил хийхээр зорьж байна?
– Хүүхдийн амь нас хохирч буй тохиолдол хөдөө орон нутагт олон гарсан. Хөдөлгөөн эхлэхдээ ухарч хүүхдээ дайраад амь насыг нь хохироосон явдал ч байна. Иймэрхүү тохиолдол он гарснаас хойш 13 удаа бүртгэгдлээ. Мөн 29 хүүхдийн амь эрсэдсэний нэлээд хувь нь орон нутгийн замд аав, ээжтэйгээ зорчиж байхдаа осолд өртсөн байдаг.
Тиймээс аяны хүрээнд 0-3 насны хүүхдийг хамгаалалтын нэмэлт суудалгүйгээр тээвэрлэж байгаа эцэг, эхчүүдийг орон нутгийн замд зогсоож шалгана. Тухайн эцэг эхчүүдэд хүүхдийг буруу тээвэрлэхийн хор уршиг болон хүүхэд гэр бүлийн утга, учир гэдгийг ойлгуулж амлалт авна. “Би хүүхдээ дараагийн удаа хамгаалалтын нэмэлт суудалтай тээвэрлэнэ’’ гэсэн амлалтын уриалга үгтэй самбарын дэргэд тухайн жолоочийг зогсоож бусдыг уриалах аянд нэгдүүлэх юм. Цаашдаа хүүхдээ буруу тээвэрлэж, амь насыг нь хайхрахгүй зорчвол жолоочид тодорхой арга хэмжээ тооцох болно.
-Иргэдийн ухамсар, мэдлэгийг сайжруулах, мэдээллээр хангах зорилгоор ямар арга хэмжээ авч байна вэ?
-Иргэд рүү чиглэсэн, тэдний ухамсар, эрхзүйн мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор “Оюутолгой” компани, “Мобиком”-той хамтран бэлтгэсэн видео шторк, зорилтот богино хэмжээний киног тэдний анхаарал, сонирхол, таашаалд нийцүүлэн, сошиал орчинд цацахаар бэлтгээд байна. Мөн постер, зурагт хуудсыг хотоос гарах замын урсгал дагуу байршуулж өгнө. Хөдөлгөөнт пост, цагдаагийн хяналтын 62 цэгийг түшиглэж, 24 цагаар хяналт тавихаас гадна “Жолооч танд тусалъя” арга хэмжээг өрнүүлнэ.
Авто машины салхины шил нь цэвэр, үзэмжтэй, тунгалаг байснаар аюул, саадыг бүрэнхий үед ч бүрэн харахад төвөггүй болгодог. Энэ жил орон нутгаар зорчиж буй бүх жолоочийн машины шил арчигчийн арчилгаа, ус, шингэн цацах нь хэвийн байгаа эсэх, зориулалтын нөөцлөх саванд нь нэмсэн үү гэдэг дээр цагдаагийн албан хаагчид шаардлага тавьж, усыг нь нэмүүлэх, шилийг нь цэвэрлүүлж хөдөлгөөнд оролцуулах юм.
-Орон нутагт мотоциклтой иргэд замын хөдөлгөөнд оролцдог. Ямар шаардлага, нөхцөлийг хангасан байх ёстой вэ?
-Цагдаа, жолооч аль аль нь ямар нэгэн байдлаар осол аваар гаргахгүй, хэн нэгнийг хохироож, гэмтээж бэртээхгүй байхыг зорьдог. Цагдаа таныг зогсоогоод шаардлага тавиад байна гэдэг нь та болон тантай хамт зорчиж буй хүмүүсийн амь насны төлөө анхаарал тавьж байгаа хэрэг гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй. 2020 оны эхний зургаан сарын байдлаар мотоциклтой холбоотой осол, аваараар 36 хүний амь нас хохирсон. Иймд техникийн хувьд бүрэн оношилгоонд хамрагдаж, жолооч, зорчигч хамгаалах малгай өмсөх, мотоцикл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхтэй байх ёстой. Эдгээрийг хангаагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцуулахгүй.
-Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг сануулж, олон нийтэд хандаж юу хэлэх вэ?
-“Хурдан яваад ирэв үү” гэж хэн ч асуудаггүй. Яарч, сандарч байгаа байдал нь жолоочийн анхаарлыг өөр зүйлд сарниулж осол, гэмтэлд өртүүлдэг. Энэ зун аялж, амрахдаа хайртай хүмүүс чинь хамт зорчиж байгааг санаж, яаралгуйгээр хөдөлгөөнд оролцоорой. Жолооч эрсдэл гаргах юм бол хамт зорчигч хүмүүс хохирдог. Тиймээс тэдгээр хүмүүсийн амь насыг хамгаалж, анхаарлаа хандуулаарай. Хэрвээ жолооч алдаа, зөрчил гаргавал хамт зорчиж буй иргэн та зөв шаардлага тавих эрхтэй. Хойно сууж байгаа хүмүүсийг хамгаалах бүс зүүхийг шаардана. Хэрвээ таны хамгаалах бүс суудлын бүтээлгэний доор дарагдсан байвал бүсийг ил гарган зүүж хөдөлгөөнд оролцох нь чухал.
О.Цэрэнхүү
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин