Үйлчилгээний байгууллагуудын үе шаттай нээхийг зөвшөөрөв
Улсын Онцгой комиссын 2020 оны XXV ээлжит хурал өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав. Бакалаврын зэрэг горилогчдоос авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахыг зөвшөөрлөө.
Шалгалтыг зохион байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар, УОК-ын тогтоолоор баталгаажиж, ЭМЯ-аас боловсруулан гаргасан халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сайтар сахиж, ажиллахыг үүрэг болголоо. Хөрш хоёр орноос 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авахаар шийдвэрлэсэн бол 07 дугаар сард нийт 10-12 захиалгат нислэг үйлдэх саналтай байгаагаа Гадаад харилцааны яамны Консулын газраас танилцуулж зарим зөвшөөрлийг авлаа.
Нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн засаг дарга нарт зөвшөөрлөө. Иймд хүүхдэд компьютер тоглоомоос бусад тоглоомын үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн тоглоомын газар, сургалт, амралтын зуслан, кино театр, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, театр, чуулга, ресторан, уушийн газар, караоке, шашин номын газруудыг халдвар хамгааллын шаардлагыг хангасан тохиолдолд үйл ажиллагаагаа нээх боломжтой болж байна. Ингэснээр зөвхөн нийслэлд 960 аж ахуйн нэгжийн 10 мянга гаруй ажлын байр идэвхижих юм.
Нийтийг хамарсан жагсаал цуглаан хийх, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулахыг болон диско бар, бүжгийн цэнгээний газруудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал нээхгүй байхаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.