Тамирчдын амжилтСурвалжлагаШинэ мэдээ

Самбо тивийн Ази тивийн аваргын спортог гэр бүл

СХД-ийн долдугаар хороо “Хилчин” хотхон хөл хөдөлгөөн ихтэй. Хүүхдүүдийн жаргалтайяа дуу цангинана. Бүрхэг үүлнээс том том дусал хаялан хэсэг зуурт ширүүн бороо орох нь зуны бас нэгэн дүр зураг. Тус хотхоныг зорьсон нь нэгэн хилчнийд та бүхнийг зочлуулах гэсэн явдал билээ. Гэрийн эзнийг самбо бөхийн Ази тивийн аварга, спортын мастер, сумын заан Ц.Даш-Өлзий гэх. Хилийн 0164 дүгээр ангийн Захиргаа, хүний нөөцийн тасгийн даргаар ажилладаг, хошууч цолтой. Харин гэрийн эзэгтэй А.Туяагэрэл. Тус ангийн Авто техникийн албаны ашиглалтын тоо бүртгэгч, ахлах ахлагч цолтой.

ГАРЫН ТАВАН ХУРУУ

Шинэ айл, шинэхэн танил. Хаалга тогшлоо. “За ажил төрөл нь сайн уу?” гэсээр гэрийн эзэгтэй үүдэндээ биднийг тосов. Гэрийн эзэн бидний өмнөхөн ажлаасаа орж иржээ. Харин гэрийн эзэгтэй ээлжийн амралтаа авсан гэнэ. Телевизээр солонгос хамтлаг, дуучдын клип гарна. Гэрийн эзэн, эзэгтэй хоёул гэрийнхээ хойморт тухлахыг урилаа. Бид монгол сайхан ёсоор мэнд мэдэн танилцацгаав. “Алив хөгшөөн ширээгээ ойртуул, миний охин хөргөгчинд ааруул байгаа тавгаа дүүргэчих” гэж дуу шуу болцгоов. Тэд биднийг зочин гэх харин бид зочин гэхээсээ илүүтэй ажлаа хийж буй тул хоёр талаас харилцан бие биеэ хүндэтгэх мэдрэмж. Нуруугаар ойролцоо хоёр охин гал тогоонд ээждээ туслаж харагдлаа. Тэднийх ам бүл тавуул, гурван охинтой аж. Ханандаа гэр бүлийн хөргийг өлгөсөн байв.   

Гэрийн эзэгтэй сүүтэй цай аягалан дээжийг нь гэрийн эзэнд эхлэн барив. Шар тос хөвсөн аагтай сайхан цай ханхийв. Баруун зүгийнхний ихэвчлэн хэрэглэдэг улаан шаазан тува аяганд цай хийхийг ажаад аль нутгийн улс болохыг нь сонирхлоо. Гэрийн эзэн Сэлэнгэ харин гэрийн эзэгтэй Архангайн уугуул аж. “За мэхэртэй тос хайлсан идээрэй” гэж гэрийн эзэгтэй ширээ дүүргэн элдвийг таваглан тавив.

Гэрийн эзэн, “Манай хүн тос хайлаад амжиж. Сүрхий бэлдээ юу даа” гэв. Гал тогооноос гэргий нь, “Би Архангайнх болохоор манайх цагаан идээгээр тасарна гэж байдаггүй. Шинэ жимс гарах гэж байхад өмнөх жилийн аньсаа чанаж уугаад л байж байна. За зэрлэг аньс уу” гэсээр ширээн дээр шилтэй аньс тавив. Бид сонгууль, нутаг ус, хилийн албаны талаар ярилцан хамтдаа цайлав. Бага охин энэ өрхийн эрх дархтай нэгэн гэдэг нь харваас илт. Ажлаасаа ирсэн аавыгаа хоргооно. Охидууд аав амьтай, харин ээжээс эмээнэ. Ээжийн түвшинд шийдэгдээгүй асуудал аавын түвшинд хүрч шийдвэрлэгддэг талаар ярилцан инээлдлээ. Сайхан цайлж хөлс чийхарсан би гэдэг хүн, “За танай гэр бүлтэй танилцья” гэж гол ажилдаа орлоо. 

ОЮУТАН БАЙХДАА ТАНИЛЦСАН ХОЁР

Гэрийн эзэгтэй оюутны байранд амьдардаг байж л дээ. Найз охины төрсөн өдөр болж. Тэнд уригдсан найзууд дундаас бие биеэ анх олж харсан юм билээ. “Анх хараад л нүдэнд туссан тээ?” гэж гэрийн эзэгтэй нөхөр лүүгээ харан толгой дохин инээв. Харин гэрийн эзэн чимээгүйхэн инээх зуурт нь, “Даш-Өлзий ах таныг тэгж хэлэхгүй л байна даа” гэж дунд нь үг хаяв. Туяагэрэл эгч надтай нийлэн, “Харин тийн юу гэж анх харсныг нь сонсоод авья” гээд инээлээ. Нэгэнт бүсгүйчүүдийн ятгалганд орсноо мэдсэн үү, “Манай хүн хамгийн сэргэлэн нь байсан. Аливааг гялалзуур гэгч нь зохион байгуулж байгаа нь таалагдсан” гээд мөн л инээлээ. Тэдний анхны энэ уулзалт, анхны харцаар учирснаас хойш дөрвөн жил үерхэн улмаар гэр бүл болцгоожээ.

Гэрийн эзэн биеийн тамирын сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгсөн “Хилчин” спорт хороонд орсон нь түүний хилчин болох гараа болж. Улмаар “Хилчин” спорт хорооны самбо, жүдогийн тамирчнаар зургаан жил ажилласан байна. “Хувь зохиол байсан юм болов уу. Цэргийн амьдралд нэг л мэдэхэд хөл тавьсан байж билээ. Хилийн 0164 дүгээр ангид биеийн тамирын офицероор ажиллахыг талийгаач хурандаа Д.Дашжамц надад анх зөвлөсөн юм.

Их спорт гэдэг насных. Тэр үед би нас ч гуч гарсан байсан. Улмаар Хилийн 0164 дүгээр ангид томилогдон очоод цэргийн анги байгууллага гэдэг ямар газар болохыг илүү нарийн мэдэрсэн. Анх яана даа л гэж бодогдсон шүү. Хүн гэхдээ өөрөө суръя, мэдье гэсэн хүсэл байхад болдог. Олон жил спортоор хичээллэсэн хүнд аливаад хойш суух чанар байдаггүй. Тэгээд л суралцаж, болгох гэж хичээсэн дээ” гэлээ. 

Энэ яриаг сонсож суусан гэрийн эзэгтэй хүч нэмэв. “Манай хүн маршид олон жил гүйсэн. Цэргийн амьдралын мөн чанарыг Хилийн 0164 дүгээр ангид бид мэдэрсэн. Би уг нь та нарыг ирэх сургаар сайхан тойгны шөл гаргах гэсэн амжсангүй ээ” гэсээр гахайн махан хуурга таваглан тавив. Тэдний гэрийнхэн шөлтэй хоол халуун бүлээрээ тойрч суугаад идэх дуртай гэнэ. Ер нь гэрийн эзэгтэй яриа хөөрөө сайтай бүсгүй юм. Байсхийгээд миний дүү нар идэж уугаарай гэж шамдуулна. 

АМЬДРАХ ХУГАЦААНДАА ХҮН ӨӨРИЙНХӨӨ ХУВЬ ТАВИЛАНГ БҮТЭЭДЭГ

Ц.Даш-Өлзийгийн гэр бүл өөрийн гэсэн зарчимтай. Аав ээжийн хүмүүжил үр хүүхдэд үлгэрлэх жамтай. Эцэг эхийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ бодсон ч төрийн тусгай алба хаагчийн хувьд ч хариуцсан ажлаа хариуцлагатай хийхийг эрхэмлэдэг байна. Харин үр хүүхдээ нэгдүгээрт спортлог бай. Хоёрдугаарт хичээл сурлагандаа сайн байх. Ялангуяа эмэгтэй хүүхэд суурь сайтай сурлагатай байх ёстой. Өөрөөсөө ахмад настай хүнтэй заавал мэндэлж бай гэж захидаг байна. Мөн ажилсаг байх ёстой гэсэн шаардлагыг ч тавьдаг.

Хүн хөдөлмөрлөж байсан цагт заавал амжилтад хүрнэ гэж тэд мөн охиддоо захидаг. Хүүхэд залуус ажлаасаа илүү ааш нь түрүүлчих гэдэг болсныг шүүмжлэв. Тиймээс ч эхлээд ажил сур дараа нь аашийг сурч болно гэж охиддоо болон шинээр ажилд орж буй дүү нартаа эгч хүний ёсоор захьдаг байна. Ер нь бол охидоо урлаг, спорт хослуулсан дөртэй болгочих юмсан гэж хичээдэг.

СПОРТЫН ГАЙХАМШИГ ИХ

Гэр бүлийн хоёрын хувьд Хил хамгаалах байгууллагын болоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн маршид олон удаа амжилттай оролцож байжээ. Ц.Даш-Өлзийг Хилийн 0253 дугаар ангийн “Хилчин” спорт хороонд байхад нь ангийн захирагч, хурандаа Д.Доржпалам маршид амжилттай оролцвол ахлагч цолоор шагнана гэж итгэлийг нь анх “ташуурдаж”. Залуу хүний эрчээр амжилттай оролцож амлалтаа зүтгэлээр хариулан хилчин ахлагч болсон байна. Тэрбээр тус ангид зургаан жил ажиллахдаа зургаан удаагийн маршид оролцжээ.

Хилийн 0164 дүгээр ангид биеийн тамирын офицероор томилогдоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн маршид хэдэнтээ анги, байгууллагыг төлөөлөн оролцсон байна. Маршийн үеэр салаан дарга, эрлийн бүлэг ахлахаас гадна бүрэлдэхүүнийг бэлтгэх хариуцлагатай үүргийг хүлээсээр иржээ. Анги, хамт олны цэрэгжилч, жагсаалч байдал, бэлтгэлжилт марш тактикаар хэмжигддэг учраас тэрбээр хувь хүн болоод ажил үүргийн хувьд ч дээрх тэмцээн уралдаануудад амжилттай оролцохын төлөө хичээсэн талаар ярилцав. Энэ хугацаанд биеийн тамирын офицер, цэргийн албаны зохион байгуулалтын ажилтан, цэргийн тоо бүртгэл, цэргийн сахилга, албаны зохион байгуулалт хариуцсан ажилтан, сургалтын ахлахаар ажиллаж ер нь штабын чиглэлд дадлагажсан байна. 

Гэргий А.Туяагэрэлийн хувьд тус ангид ханийнхаа ятгалгаар оржээ. Гэр бүлийн хүнээ ангид ажиллуулмаар санагдсан нь спортыг ойлгодог, мэдэрдэг ханийнхаа дэмжлэг туслалцааг авахыг хүссэн явдал юм. Гэргийн хувьд багаасаа сагс тоглодог байж. Угтаа бол тэрбээр эдийн засагч, социологич мэргэжилтэй. Ангийн захирагч, хурандаа Д.Ганжууржав, “Тамирчин хүний гэр бүл тамирчин л байх ёстой шүү” гэж дэмжиж ажилд авсан байна. Анхныхаа маршид амжилттай оролцож мөнгөн медаль хүртжээ. Дараа жил нь амжилтаа ахиулан алтан медалийн эзэн болсон байна. Тухайн үед ангийн захирагч гэр бүлээрээ маршчин боллоо гэж урам өгч дэмжсэн гэдэг. Энгийн байгууллагад ажиллаж байсан тэрбээр цэргийн байгууллагад ийнхүү хөл тавихдаа ханийхаа нэр хүндийг эрхэмлэн хичээсэн байна.

Энэхүү хичээл зүтгэлийг нь ч удирдлагын зүгээс олж харан ахлагч болгосон аж. Тэд хоёул гэрээ, хүүхдээ орхиод сар гаруйн хугацаанд маршийн бэлтгэлд гардаг байсан талаар ярив. Гэрэл зургийн цомгууд дунд нь маршийн зураг бүхий бүхэл бүтэн нэг альбом байдгийг үзэж яриагаа хачирлав. А.Туяагэрэл эгчийн хувьд багаасаа гүйх дуртай хүүхэд байжээ. “Би юм л бол ухасхийж гүйн бүдэрч унаад өвдгөө цоолчихдог хүүхэд байж билээ” гээд бага насаа дурсан инээв. Гэрийн эзэгтэй чин сэтгэлээсээ нууж хаах зүйлгүй цайлган шударга яриа хөөрөөтэй нэгэн аж. Сайхан инээмсэглэл дүүрэн ч бүсгүй юм. Түүний инээмсэглэл сэтгэл татна. Гэрийн эзэн ханийнхаа яриаг чимээгүйхэн инээмсэглэн дэмжих аж.   

Эмэгтэй хүний хувьд маршид гүйх нь амаргүй болох талаар ярилцав. “Марш эмэгтэй хүнд чанга. Би өөрөө гүйх сонирхолтой болохоор анхнаасаа амтанд нь орж гүйсэн. Маршид оролцох сэтгэл зүй хамгийн чухал. Миний хань биеийн тамирын офицероор ажиллаж байхдаа миний ажлыг хамгийн түрүүнд дэмжих, ойлгох ёстой хүн. Тиймээс миний хань хичээгээд сурчих гэж намайг ирлэсэн юм. Нэг байгууллагад мөр зэрэгцэн ажиллах болсон учраас бүгдийг чадахын төлөө хичээж чармайсан. Маршид гүйхдээ бярдах биш сэтгэл зүйн бэлтгэлжилт тэсвэр тэвчээр чухал гэдгийг ойлгосон” гэлээ.

Эмэгтэй хүний насыг монголчууд ил цагаан хэлэхээс татгалздаг. Ямартаа ч А.Туяагэрэл 40 гарсан бүсгүй. Тэтгэвэртээ суухаас өмнө маршид оролцох бодол бий гэлээ. Энэ ярианы дараа насны талаар ярилцав. “Би нас явж байна гэж эмээдэггүй. Харин идэвхтэй зүтгэх цөөхөн нас байна шүү гэж аливаад зорьдог. Идэвхтэй хөдөлмөрлөж байж тэтгэвэртээ гарсны дараа амар амьдарч, үр хүүхдээ хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэчихээд амьдралаа төвхнүүлэн суухад тэр жаргал” гэлээ. 

ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ БАЯЛАГ

Энэ гэр бүлийн гишүүд нэг хүсэл тэмүүлэлтэй. Тэд нэгэн зорилгын дор нэгдэж чаджээ. Сурвалжлагын эхэнд өгүүлсэнчлэн эднийх спортлог гэр бүл. Хоёр том охин волейболоор хичээллэдэг. “Бид хоёр зааланд дагуулж гүйсээр байгаад энэ хоёрыгоо спортод дуртай болгосон. “Хилчин” спорт хорооны Дэлгэрмаа багш миний хоёр охинд сайн суурь тогтоож өгсөн. Тиймээс их баярлаж явдаг. Волейбол охин хүүхдэд тун тохиромжтой спорт. Уян хатан болохоос гадна багаар ажиллаж, нийтэч болдог. Хүний арга эвийг олж сурна. Чац урттай, галбир сайтай болно гээд олон давуу тал бий.

Хүүхэд эхлээд спортын утга учрыг мэддэггүй юм билээ. Харин сүүлдээ дасаад дурлаад ирсэн” гэлээ. Тус яриаг сонсон гэрийн хойморт бага охиноо эрхлүүлэн суусан гэрийн эзэн, “Дэлгэрмаа багш надад ч волейбол зааж өгсөн. Спортын хүмүүжил гэдэг агуу. Спортоор хичээллэсэн хүн богино хугацаанд сэтгэн бодох чадвар сайжирна. Биеийн хөгжлөөс гадна ачаалал даах чадвар, хүнээс үг сонсох  чадвар давхар сууна. Багаар ажиллах чадварт спорт суралцуулдаг. Хүмүүжил болоод хувь хүний хөгжилд ч өндөр ач холбогдолтой. Тиймээс охидуудаа аль болох багаас нь спортоор хичээллүүлэх санаатай хөтлөсөн” гэлээ.

Анх охид дургүй байсан ч сургуулийн хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцож улмаар түүндээ урамшжээ. Улмаар аав, ээж зөв зүйлд явуулсанд баярлалаа гэдэг аж. Нээрээ ч тэдний охидын биеийн хөгжил нь спортоор хичээллэдэг болохыг илтгэнэ. Тэдний гэр бүл чөлөөт цагаараа спортоор хичээллэх дуртай. Хамтдаа цэнгэлдэх хүрээлэн орж гүйнэ. Өвөлдөө цанын спортоор хичээллэж гулгах дуртай. Гэрийн эзэгтэй анх цанаар гулгаж чаддаггүй байсан бол одоо тэмцээнд оролцох хэмжээний тамирчин болжээ. 

ГУРВАН ЖИН

Тэдний гурван Жинтэй танилцацгаая. Гурван Жин нь Энхжин, Минжин, Маралжин гурав шүү дээ. Охид спортод сонирхолтой гэдэг нь тэдний өрөөгөөр өнхрөх бөмбөгнүүдийг харахад илхэн. Өрөө нь цагаан, ягаан өнгөөр дагнасан, цаанаа л цэмцгэр. Том охид нь ихэр болов уу гэмээр биеийн өндөр, царай төрх, өтгөн хар хөмсөг нь хүртэл ижил юм. Харин бага охин нь эгч нараасаа насны зөрүү их учир эрх, ёстой л гэрийнхээ босс нь болсон сэргэлэн охин байлаа. Ууган охин Энхжин 17 настай, дунд охин Минжин 13 настай бол бага охин Маралжин дөрвөн настай. Багаасаа л аав ээжийгээ спортоор хичээллэхийг, тэмцээн уралдаанд оролцохыг дэргэдээс нь харсаар тэд спортод дуртай болж гар бөмбөгөөр хичээллэж эхлэсэн талаар Энхжин яриагаа эхэллээ. Энхжингийн хувьд гар бөмбөгөөр хичээллээд долоон жил болж байгаа, сургуулийнхаа шигшээ багийн тамирчин. Сургуулийн болон дүүргийн чанартай тэмцээнүүдэд оролцон шагналт байранд орж байсныг медалиуд нь батална. Спорт болоод сурлагын амжилт арвин тэргүүний сурагч аж. Ээж нь ширээний теннис сайн тоглодог учир ээжээрээ заалгаж агаарын, ширээний, газрын гээд төрөл бүрийн теннис сайн тоглодог болсон гэдгээ нүүрэндээ инээмсэглэл дүүрэн ярьж байсан юм. “Спортоор хичээллэх нь олон давуу талтай. Аливаа зүйлийг богино хугацаанд олон талаас нь харж, сэтгэхээс гадна олон найз нөхөдтэй, нөхөрсөг, нийтэч болдог” гэж бага дүүгийнхээ үсийг боож өгөх зууртаа хэлсэн юм. Түүний ярианаас хэдийнээ хүн бүртэй нээлттэй харилцаж чаддаг, нүүрэмгий дүр илрэхээс гадна төлөвшил сайтай нь харагдана. Магадгүй охидын аав, ээж нь үргэлж өөрөөсөө ахмад хүнтэй мэнд устай, яриа сайтай бай гэсэн сургаалыг үргэлж санаж явдагтай холбоотой байх. Энхжингийн хувьд хамгийн дурсамжтай үйл явдал нь өнгөрсөн гурван сард “Баянзүрх дүүргийн гар бөмбөг сонирхогчдын тэмцээн”-д аав ээжтэйгээ хамт оролцож алтан медаль авсан явдал юм. “Сургуулийн эцэг эхийн спортын тэмцээнд аав, ээж үргэлж оролцож түрүүлдэг. Тэмцээн болохоор л аниагийн болон манай ангийн багш нар аав ээжийг булаацалддаг” гэж өрөөгөөр зочлохоор орсноос хойш эгчийнхээ ярихыг чимээгүй сонсож суусан Минжин инээд алдан ярианд оролцов. Түүний хувьд гар бөмбөгөөр хичээллээд гурван жил болж байгаа, одоохондоо тэмцээнд оролцож эхлээгүй гэнэ. Спортоос илүү урлаг сонирхдог, тэр дундаа бүжигт дуртай гэнэ. Даруухан, үг дуу цөөтэй охин юм. Үеийнхнээсээ биеийн хөгжлөөр илүү, эгчтэйгээ чацуу болохоор ч тэр үү “чи эгч нь үү” гэж хүмүүс асуух тохиолдол олон байдаг гэнэ. Минжин эгчийнхээ спортод авьяастайгаар ихэд бахархдаг бололтой, “Аниаг спортод сайн болохоор багш нар янз бүрийн өөр спорт сонирхож үзэх үү гэж их асуудаг” гэж өөрийнхөө тухай биш эгчийнхээ тухай ярихдаа илтэд дуу нь чангарна. Охидын спортоос гадна чөлөөт цагаараа сонирхдог өөр нэг зүйл нь хэл сурах. Энхжин сургуулиа төгсөөд ХБНГУ-д шүдний эмчээр суралцах хүсэлтэй тул герман хэл бие даан суралцаж байгаа аж. Одоогоор дунд түвшинтэй. Харин Минжин ирээдүйд БНСУ-д сурахыг зорьж байгаа тул саяхнаас солонгос хэл бие даан сурч эхэлжээ. Маралжингийн хувьд харин цэцэрлэгт явдаг. Эгч нар нь түүнийг том болохоор өөрийнх нь сонирхсон аль нэг спортоор хичээллүүлэх хүсэлтэй байдаг гэнэ. Гурван охинтой танилцсан бяцхан ярилцлага, “Хилчин хүний охин гэхээр өөрийн эрхгүй бахархаж, би ёс журамтай, шударга байх ёстой гэж хэлж байгаа юм шиг санагддаг. Хүмүүс ч тэгж ойлгож, хардаг юм шиг байна билээ” гэх цангинасан хоолой, ялдам инээдээр өндөрлөлөө. 

Зуны зугаатай өдрүүд үргэлжилж, аав ээжийн амралт эхэлсэн учраас тэд өвөө эмээ рүүгээ явахаар төлөвлөжээ. Архангай, Сэлэнгэ аймгаар хөндлөн гулд сайхан амрах тэдний амралт эхэлжээ.  

ҮЛГЭРЛЭЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ ҮГЛЭЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХЭЭС АМАР

Айл гэр бүрт өнгө бий. Тэр өнгө гэрлийг өрх гэрийн гишүүд бүрдүүлэх. Тэднийд юу л байна ёстой медаль элбэг байх аж. Гэрийн хоймрын шүүгээн дээр олон зүйлийн сувинерыг өржээ. Гэрийн эзний самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний цом хүндтэй байрыг эзэлдэг байна. Тэрбээр 2000 онд самбо бөхийн Ази тивийн аварга болсон юм. Олон улсын болон улсын чанартай олон медаль харагдав.

Ер нь түүний хувьд бөхийн бүхий л төрлөөр хичээллэж олон тэмцээн уралдаанд оролцож байсныг нь медалиуд гэрчлэх ажээ. Мөн тэрбээр 2001 онд спортын мастер болжээ. Гэрийн эзний медалиуд багтахаа байсан тул гэрийн эзэгтэй заримыг нь далд хийснийг ил гаргаж ирэн надад сонирхуулав. Ээжийн медалиуд ч олон юм. Аав, ээжийн медалиуд охины медальд зайгаа тавьж өгчээ. Гэрийн эзний сийлсэн эдлэл, мөн айл гэр болоход хамаатны буурлын сийлж өгсөн хос морь зэрэг дурсгалтай эд ч байна. Өхөөрдөм хөөрхөн охиныхоо гутлыг тавьжээ.

Гэрийн хоймрын шүүгээнд Суданд үүрэг гүйцэтгэж байхдаа авчирсан янз бүрийн сувинерүүд өрөөстэй байв. Ихэнх нь амар, амгалан аз жаргалыг бэлгэдэх аж. Хил хамгаалах байгууллагын олон шагнал байв. Тухайлбал тэргүүний манлай офицер, ажил мэргэжлийн аваргаар тэд шалгарч байжээ. Тэдний гэр бүл идэвхтэй. Бага охиныхоо цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дундах тэмцээн уралдаанд хүртэл оролцно. Ер нь бол бага охин л медаль авах дутуу байгаа талаар наргин инээлдлээ. 

Сайхан амьдралын нууц юунд оршдогийг би сонирхов. Хүн хөдөлмөрлөж буй цагт үр шимийг нь заавал хүртдэг. Юмнаас хойш сууж болохгүй гэлээ. Аж ахуйн ажил байсан ч түрүүлж ханцуй шамлан орж залууст, бусдад үлгэрлэнэ гэж боддог байна. Хүн ажилсаг байхад хаана ч газардахгүй. Тэр хүний боловсролын зэрэг хамаагүй гэсэн юм. Энэ үзэл, энэ онолыг тэд амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлдэг вэ? 

Гэрийн эзэгтэйн хувьд аливааг нягт нямбай хийхэд охид нь ч аливааг жижиг гэхгүй чин сэтгэлээсээ хийж сурна гэж боддог. Тиймээс ямар ч ажлыг нямбайлан хийхийг хүсдэг аж. “Би дутуу цэвэрлэж байвал тэд адилхан дутуу цэвэрлэнэ. Гэхдээ охидуудаа ингэ тэг гэж тулгаж шаардахыг хүсдэггүй. Угаас амьдрал дээр гарна шүү дээ” гээд хайр дүүрэн харцаар тэднийгээ ширтлээ. Үглэж хүмүүжүүлэхээс үлгэрлэж хүмүүжүүлэхийн их ухааныг тэднээс олж харав.  

Ингэж энэ айлын аз жаргалаас хуваалцан саатахдаа олон зүйлийг олзуурахсан юм. Тэдний яриа анги хамт олон, ажил мэргэжлийн бахархал гэсэн сэдэв рүү шилжсэн байлаа. Гэрийн эзэн, “Манай анги Хилийн цэргийн ар тал хангалт, тээвэрлэлтийг зохион байгуулдаг. Тиймээс ч бодлогоор хашир туршлагатай дарга нарыг удирдлагаар томилдог болов уу. Хилчид ах зах, эрэмбэ дараа, ёс жаяг, дүрэм журамтай гэр бүл. Үе үеийн ангийн захирагч, ажил мэргэжилдээ эзэн болсон эрхэм хүмүүсээс ихийг суралцсан” гэж ярилаа. 

Гэрэл зургийн цомог үзэж, кпоп-ын талаар ярилцаж, дөрвөн хоногт найман кг хассан түүх зэрэг хөгжилтэй дурсамжтай явдал уудалсаар удтал саатжээ. Халуун дулаан итгэлээ бөхөлж, хайр дүүрэн инээд цалгисан гэр бүл юм гэх мэдрэмж надад төрөв. Хань нь мэрийж байхад гэргий нь түших багана болж иржээ. Аашилж аргадах ухаанаа аль алиндаа ойлгуулж явахын цагт амьдрал болж бүтээд аяндаа өөдөлнө. Гэр бүлийн үнэ цэнэ ханьдаа өгч байгаа сэтгэлд байдаг юм билээ.

Эр нөхөр гэдэг гэр бүлийн ноён нуруу, сайн сайхан амьдралыг бүтээгч. Эхнэр хүн үр хүүхдийнхээ түшиг тулгуур нь болсон луужин юм. Хүүхэд ямар хүмүүжил, зан төлөвтэй хүн болж төлөвших нь эцэг эx болон гэр бүлийн доторх дотно харилцаа уур амьсгалаас шалтгаална. Ер нь хүн сайн сайханд тэмүүлэх л гэж гэр бүлтэй болдог гэж би боддог. Сайн сайхнаа хуваалцах л гэж гэр бүлээ хамгаалдаг. Басхүү сайн сайхныг бүтээх л гэж гэр бүлээ босгодог. Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ бол сайн сайхнаар үлгэрлэх явдал юм. Тийм ээ, хошууч Ц.Даш-Өлзийгийнд зочлоод тэмдэглэсэн сэтгүүлчийн тэмдэглэл гэвэл энэ байна. Уншигч та ч тэдний сайхан гэр бүлд тавтай саатсан гэдэгт итгэлтэй байна. 

Гэрийн эзэгтэй зочломтгой зангаар удтал саатуулжээ. Харин гэрийн эзэн төлөв даруу басхүү шаггүй яриа хөөрөөтэй хүн юм. Ажил мэргэжил, хүч хөдөлмөрийн үр шимээр босгосон амьдралаа хуваалцсаар ажил руугаа буцаж явах цаг нь ч болжээ. Гэрийн эзэгтэй амарч буй учир уужуу тавиун байгаа бололтой, “Миний дүү ажлынхантайгаа хувааж идээрэй” гэж цагаан идээ боож өглөө. 

О.Энхжин

Эх сурвалж: ХХЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version