Ч.Содномцэрэн: Хяналтын тооллогоор зөрчил илрээгүй
Сонгуулийн ерөнхий хорооноос Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийсэн юм.
Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэхдээ “Сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон СЕХ-д хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан хэд хэдэн тойрогт хяналтын тооллогыг нэмж явуулахаар болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу нэр дэвшигчдийг байлцуулж байгаад зарим тойрогт хяналтын тооллого хийсэн.
Энэ сарын 27-ноос 28-ны хооронд нийслэлийн зургаан тойрог Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нийтдээ 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ.
Нийтдээ 71.3 сая төгрөгийн зарлага гарсан. Хяналтын тооллогыг цагдаа тагнуулын албан хаагчдын хяналтан доор хийсэн. Нийт 164 хэсэгт хийсэн хяналтын тооллогоор саналын тоо тоолох машинтай зөрсөн зөрчил илрээгүй. Хяналтын тооллого хийх явцад ажиглалт хийсэн нам эвслийн нэр дэвшигчид хяналтын тооллогын дүн мэдээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.