Уул уурхайFocusШинэ мэдээ

Ц.Төгсбуян: Цахим технологийн хөгжил бидэнд олон давуу тал олгодог

Төгссөн сургууль: ШУТИС, Уул уурхайн инженерийн сургууль

Мэргэжил: Ашигт малтмалын баяжуулалтын инженер

Ажилласан туршлага: Австрали улсын “Metso” компанийн Process Technology and Innovation судалгааны төвд судлаач, Оюутолгойн баяжуулах үйлдвэрт Металлургийн инженерээр ажиллаж байсан. 2018 оны 07 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан орлогчоор ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2014 ондКанадын “Бритиш Колумбиа” Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан

Чин хүсэл: Эрдэнэт үйлдвэр уул уурхайн боловсон хүчнийг бэлтгэх суурь баазаа бэхжүүлэх зорилгоор Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгон өргөжүүлсэн. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ боловсон хүчнээ чадавхжуулах тал дээр анхааран ажиллаж байгаа тус сургуулийн гадаад, дотоод хамтын ажиллагааг хариуцан, эрдэм шинжилгээний  ажилд өөрийн мэдлэг, чадвараа харамгүй зориулж яваа Ц.Төгсбуян хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа ажлаараа хамгаас их бахархдаг.

“Өглөөний сэргээш” булангийн зочин тэрбээр ажил, амьдрал дээр аливаад эергээр хандаж, бусдад чадлынхаа хэрээр тусалж, зөв хүн байхыг хичээсэн түүний үнэт чанар Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган уурхайчдад түгсээр байх болно. Итгэл төгс маргааш руу тэмүүлэгч эрхэм танд ажлын амжилтыг хүсэн ерөөе.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Үргэлж дэмжиж, хамт байдаг гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, зорьсон зорилгодоо хүрэх эрмэлзэл, хобби гээд олон зүйлээс урам зориг авдаг. Бас өглөө ажлаа эхлэхийн өмнө кофе уух дуртай. Энэ бүхэн миний амьдралын сэргээш гэж хэлж болно.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Миний хувьд сургуулийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа, хувь хүний хөгжлийн сургалтуудыг хариуцан ажилладаг. Гадаад, дотоодын хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадамж болон орчин нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч ажилладаг. Зөвхөн уул уурхай, баяжуулах гэлтгүй цахилгаан, эрчим хүч, механик гээд инженерийн чиглэлийн бүхий л судалгааны ажилд оролцдогоороо онцлогтой. Сургуульд оруулж байгаа хөрөнгө оруулалт маань одоо суралцаж байгаа, ирээдүйд суралцах мянга, мянган оюутан, залууст хүрнэ гэхээр хамгийн сайхан санагддаг.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Манай сургууль ХБНГУ-ын санхүүжилтээр Олон улсын мэргэжлийн гагнуурчдыг бэлтгэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гагнуурын сургалтын орчин, техник хэрэгсэл, хөтөлбөрийг шинэчлэх, багш нарыг чадавхжуулах зэрэг олон ажил хийгдэж байна. Төсөл хэрэгжсэний дараагаар манай сургуулийн гагнуурын ангийн сурагчид Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх боломжтой болно. Ойрын хугацаанд гагнуурын шинэ сургалтын байранд шаардлагатай тоног төхөөрөмж, материалын захиалгыг хийж дуусгахаар төлөвлөж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Өөрийгөө мэдээллийн технологи, цахим орчинд хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг. Цахим технологи хурдан хөгжиж байгаа өнөө үед өөрийгөө тогтмол хөгжүүлэхгүй бол хоцрогдох эрсдэл өндөр байна. Цахим технологийн хөгжлийг зөв ашиглаж чадвал бидэнд ажлаа хурдан амжуулах, чанараа сайжруулах, үр ашгаа нэмэгдүүлэх маш олон давуу тал, боломж олгодог.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Залуу насандаа өөрийгөө дайчилж, урдаа тавьсан зорилгодоо хүрэх нь миний хамгийн том мөрөөдөл.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Аливаа зүйлд том, жижиг гэлтгүй “БАЯРЛАЛАА” гэж хэлж сурах хэрэгтэй гэсэн ээжийнхээ зөвлөгөөг дандаа санаж явдаг. “Баярлалаа” гэж хэлэхэд нөгөө хүндээ болоод өөртөө эерэг энерги өгч, сайхан харилцаа үүсгэдэг гэж боддог.

– Таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд Эрдэнэт үйлдвэр хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрт ажиллаад хоёр жил болж байна. Ажилд анх ороод үйлдвэрийн бүтэц, үйл ажиллагааг хэтэрхий нүсэр, зардал ихтэй гэж хардаг байсан. Хугацаа өнгөрөх тусам үйлдвэрийн нийгмийн хариуцлага, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого зэрэг нь ажилчдадаа болоод Эрдэнэт хотдоо ямар их чухал гэдгийг ойлгосон. Аливаа байгууллагад үнэт зүйл, бахархал гэж бий. Эрдэнэт үйлдвэр өргөн агуулгаараа Монгол Улсын бахархал болсон уул уурхайн жишиг аж ахуйн нэгж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version