СурвалжлагаНийгэмШинэ мэдээ

Амжилт дагуулсан ажлууд үргэлжилсээр …

Монгол Улсад эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн цор ганц анги гэвэл бид дуу нэгтэй Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл гэж хариулна. Анх 1923 онд 3 дугаар сарын 1-ний өдөр Засгийн газрын гуравдугаар тогтоолоор “Хуягт тэрэгний суман” нэртэйгээр байгуулагдаж тулганы чулуугаа тавьснаас хойш Зэвсэгт хүчинд 97 дахь жилийнхээ түүхийг ололт, амжилтаараа түүчээлэн бичиж яваа тус нэгтгэлээр зочлох бүрийд л нүүр тахлахаар шинэ зүйлийг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгосон байдаг. Энэ удаад ч тийм хүлээлттэйгээр жолоо мушгисаар зорьж очлоо.

2018-2019 онд үзүүлсэн амжилтаа бататгах, ахиулах зорилгоор тус нэгтгэл 2019-2020 оны сургуулийн жилд штабын бэлтгэл сургалтыг шинэлэг байдлаар хүргэх үүднээс холбоо, мэдээллийн цахим технологийн дэвшлийг ашиглаж байгаа гэнэ. Тухайлбал, газар орны үнэлгээг 3D хэлбэрт оруулан программчилж, командуудыг тайван цагийн орон тооны дагуу тасаг, тоот, экипаж хүртэл тактикийн таних тэмдгээр тэмдэглэн мэдээллийн сан үүсгэн маршийн бүх төрлийн тооцоо, хүч хэрэгслийн харьцааг томьёолж сургалтад ашиглаж байгаа аж. Ингэснээр захирагчийн шийдвэр богино хугацаанд үндэслэлтэй гарах, бичиг хэргийн зардал багасах, цаг хугацаанд хэмнэлттэй зэрэг давуу тал гарч байгаа нь ойлгомжтой. Дээрх программ нь шинэчилсэн буюу сайжруулсан хувилбар гэдгээрээ онцлог.

Нэгтгэлийн удирдлагууд үүнийг хийхдээ гаднын улс орнуудын Зэвсэгт хүчинд хэрэглэгддэг компьютерын программ хангамж, сургалтын симмуляцын программаас санаа авчээ. Барууны ихэнх орнуудад IT /information technology/ инженер буюу мэдээлэл, холбооны техник, технологийн мэргэжилтэнг Команд штабын сургуулийг төлөвлөж, явуулахдаа оролцуулдаг. Харин тус нэгтгэлийн хувьд мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, байр зүйн зургийн болон цэргийн далдуур удирдлагын офицеруудыг сурган дадлагажуулж дээрх туршлагыг хэрэгжүүлж байна.

Энэхүү программыг ашиглан тайван цагт Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарууд болзошгүй байлдааны ажиллагааны чиглэл дэх газар орны нөхцөл, цаг, улирал, үүсэж болох тактикийн цагийн байдал, гүйцэтгэж болзошгүй үүргийг урьдчилан үнэлэн мэдээллийн сан үүсгэж захирагчийн шийдвэрт шаардлагатай тактикийн тооцоог хийж, захирагчийн шийдвэрийн хувилбаруудыг урьдчилсан байдлаар гаргах боломжтой. Мэдээллийн санг бүрдүүлэх ажил одоогоор дуусах шатандаа явж байгаа гэнэ.

Тус нэгтгэлийн байр зүйн зургийн хангалтын офицер, ахлагч Б.Өсөхбаяр хэлэхдээ “Мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангах шаардлага тавигдаж байна. Тиймээс энэхүү программ онлайн горимд ажиллахгүй, хэрэглэгчийн эрх үүсгэх зэрэг тодорхой ажилбарууд байж болно” гэв. Энэ жил төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор ангийн байнгын бүрэлдэхүүний сургалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар сургалтын офицер, хошууч Г.Ариунбаатар тодруулсан. Тэрээр үргэлжлүүлэн “Өөрчлөлт оруулахын зэрэгцээ ЗХЖШ-ын даргаас өгсөн зааврын дагуу бататгах шатны сургалтыг амжилттай явуулсан. Одоогоор хөгжүүлэх шатны сургалт хуваарийн дагуу явагдаж байна. Энэхүү сургалтаар байнгын бүрэлдэхүүний тухайн жилийн даалгаврын жагсаалт болон төрөл мэргэжилтэй нь уялдуулж офицеруудаар ангийн ажил, ахлагч нараар реферат бичүүлэх зэрэг судалгааны ажилд түлхүүтэй анхаарлаа хандуулж байна” гэсэн юм.

Анхаарлын гадна мэдээж бусад ажилтан алба хаагчид ч үлдэж болохгүй. Тэр ч үүднээс сургалтын албанаас ажилтан, албан хаагчдынхаа дунд хууль эрх зүй, хүний эрх, эрх чөлөө зэрэг сэдвээр эсээ бичлэгийн уралдаан зарлаж тэдний идэвхийг нэмэгдүүлэхээс гадна удирдамжийн дагуу холбогдох сургалтуудаар ерөнхий мэдлэгийг нь бататгасан зэрэг үр өгөөжтэй, мөлжүүртэй ажлууд хийгдэж байгааг онцолж болно. Хувь хүний хөгжил рүү чиглэсэн сургалтууд сүүлийн жилүүдэд агуулга, хамрах хүрээгээ тэлж, илүү үр дүнтэй явагдах болсон тул ажилтан, албан хаагчид ажлын байран дээрээ мэдлэг, боловсролоо дээшлүүлэх суурь баазтай боллоо хэмээн ихэд олзуурхаж байгааг энд тэмдэглэмээр санагдлаа.

Короновирусын цар тахалтай холбоотойгоор цэрэг татлага явагдаагүй тул хугацаат цэргийн алба хаагчдын хичээллэх танхим хүрэлцээтэй болсон байна. Үүнийг ашиглан нэг танхимд аль болох цөөн тооны цэргүүдийг нэгээс хоёр суудлын зайтай байрлуулж хичээллүүлэх болжээ.

Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх ажлын хүрээнд ерөнхий цэргийн саадын зурвасыг стандартын дагуу шинээр төхөөрөмжилж байгаа бөгөөд ажлын явц 90 хувьтай байгаа аж. Мөн сургалтын төвийн районд 6×18-ын харьцаатай цэргийн байрыг шинээр барьж ашиглалтад оруулжээ.

Түүнчлэн салааны хоногийн хичээл, буудлагыг өвлийн нөхцөлд явуулж буй байдлаар цахим хичээл, кино хэлбэрээр боловсруулж дискэнд буулган Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын харьяа ангиудын цэргийн сургалтад ашиглуулахаар тараасан байна.

Дээр дурдсан программтай агаар нэг шинэлэг ажил бас бий. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хөдөлгөөнт удирдлагын байрыг шинээр төхөөрөмжилж бэлэн болгожээ. Тухайлбал, “Aero city” маркийн хоёр автобусанд бүх төрлийн засвар үйлчилгээ, сэргээн сайжруулалт хийснээр жишиг болохуйц хөдөлгөөнт удирдлагын болон амралтын байртай болсон байна. Явдал дунд үүрэг гүйцэтгэх, нэг байрлалаас нөгөөд хөдөлгөөн үйлдэхэд цаг хугацааг хэмнэдгээрээ ихээхэн ач холбогдолтой. Мөн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх, ая тухтай орчныг бодолцсон нь дотор тохижилтыг чамбай хийснээс илт мэдрэгдэв. Тодорхой зардал гаргаж, хөдөлгүүр, бусад эд ангиудыг шинэчилснээр эдгээр автобус үйлчилгээнээс гарах аюулаас аврагдаж үүрэг гүйцэтгэх боломж, нөхцөлөөр ийнхүү хангагдсан байна. Энэхүү хөдөлгөөнт удирдлагын байр нь цахилгаан үүсгүүртэй ба компьютер, дэлгэц, проектор, хяналтын камер зэргийг бүрэн тогоор хангаж, ажиллах боломжийг бүрдүүлсэн байна. Өөрсдөө сэтгэл хангалуун байхаас илүүтэй хэн нэгэнд үзүүлж, харуулах бас баталж нотлох нь тэдний ажлын бас нэг хэмжүүр. Энэ ч утгаараа хөдөлгөөнт удирдлагын байрыг бэлэн болгоод удаагүй байхад нь ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн болон Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд ирж танилцаад сэтгэл өндөр буцацгаасан аж.

Захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч, дэд хурандаа Б.Дэмбэрэлсайхан “Цаашид хөдөлгөөнт удирдлагын байрыг бүрэн тохижуулж, сайжруулах ажлууд бий. Ажлын явц 90 гаруй хувьд хүрсэн. Дуусчихвал удирдлагын байрууд заагдсан газар, тогтоосон хугацаанд очиж, үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой болно. Бид өөрсдөө туршиж, бүрэн ажиллуулж үзсэн. Ямар нэгэн хүндрэл, бэрхшээл тулгараагүй. Нэгтгэлийн захирагч, удирдлагууд болон миний хувьд ажлын үр дүнд сэтгэгдэл их өндөр байна. Коронавирусийн цар тахалтай хүнд үед бололцоогоороо зардал гаргаж, гар нийж ажиллалаа” гэв.

Хөдөлгөөнт удирдлагын байр нь үүд хэсэгтээ жижүүрийн ширээтэй, түүн дээр удирдлагын холбоо барих станц, бүх төрлийн утсан буюу радио станцын холбоо бэлэн байх аж. Мөн хажууд нь дэлгэцийн хянагч, 360 градус эргэдэг камераар орчин тойрныг бүрэн хянах боломжтой. Гол хэсэг рүүгээ нэгтгэлийн болон дайчилгааны нууц, бичээч-оператор зэрэг бусад бие бүрэлдэхүүн сууж үүрэг гүйцэтгэх боломжоор ч хангагджээ. Хамгийн гол нь цуваа татаж яваа бие бүрэлдэхүүн хээрийн нөхцөлд майхан босгож, тохижуулах гэж багагүй цаг зарцуулдаг бол энэхүү хөдөлгөөнт удирдлагын байр нь зогссон газартаа болон явдал дундаа үүрэг гүйцэтгэх боломжтой буюу цаг хугацаагаа хэмнэснээрээ ихээхэн ач холбогдолтой гэж хэлж болохоор. Түүнчлэн сурвалжилгын эхэнд дурдсан газар, орны үнэлгээ гаргаж, мэдээллийн санг бүрдүүлсэн дээрх программ нь хөдөлгөөнт удирдлагын байрыг цогцоор нь ажиллуулахад чухал үүрэг, оролцоотой гэдгийг ч онцолж байв.

Тус нэгтгэл шинэ бүтэц, зохион байгуулалтад шилжсэнтэй холбогдуулан зэвсэг, техникүүддээ засвар, үйлчилгээг хийж салбаруудад нь хуваарилах ажлыг зохион байгуулжээ. Үүнээс гадна тус нэгтгэлийн зарим алба 2020 онд ямар ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг хүргэе. Зэвсэглэл, техникийн алба нь нэгтгэлийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлтийг хариуцан ажилладаг. Үүний хүрээнд сүүлийн 20 гаруй жил удаан хугацааны хадгалалтад байсан техник, хэрэгслүүдэд дотоод нөөц бололцоогоо ашиглан 3 дугаар сараас 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл засвар үйлчилгээ, сэргээн сайжруулалтыг хийх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд биелэлт нь 50 гаруй хувьтай байгаа аж. Мөн бусад техник хэрэгслүүдэд засвар үйлчилгээ хийж, бэлэн байдлыг нь ханган ажиллаж байна.

Нэг зүйлийг тэмдэглэхэд, бид энэ удаад тус нэгтгэлийн үйл ажиллагаа, зорилго, зорилтын биелэлтийг ерөнхий дүр зургаар нь харуулахыг хүссэнгүй. Харин 2019-2020 оны сургуулийн жилийн онцлог, ажлын үр дүн, амжилт, томоохон ажлуудынх нь талаар хүргэхийг зорьсон юм.

ЭХ СУРВАЛЖ: “Соёмбо” сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version