Уул уурхайБоловсролFocusШинэ мэдээ

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчид дипломоо гардлаа

Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчид бакалавр, магистрын мэргэжлийн  дипломоо өнөөдөр гардлаа. Тус сургуулийг энэ жил бакалавр зэрэгтэй 39, магистр зэрэгтэй 15 оюутан төгсөв. Мөн Ашигт малтмал  баяжуулалтын технологийн ангийн оюутан Эрдэнэцогтын Мядагмаа 3,21 голч оноотой “Онцлох диплом”-той төгсөж, Эрдэнэт үйлдвэрт урилгаар ажиллах батламж гардах болзол хангажээ. Тэр “Эрдэнэтийн-Овоо ордыг түшиглэн жилд 36 сая тонн зэс, молбидены хүдэр баяжуулах нь” сэдвээр дипломын ажлаа хамгаалсан аж.

“Эрдэнэт цогцолбор” сургуулийг 2013 оноос хойш нийт 34 оюутан онц дүнтэй төгсөж урилгаар  Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон байна. Төгсөлтийн талаар сургуулийн захирал Д.Зоригтхүүгээс тодруулахад: “Манай сургуулийн 21 дэх төгсөлт болж байна. Энэ жил сургуулийн 45 жилийн ой тохиож байгаа. Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” вирусын нөхцөл байдалтай холбоотойгоор хаврын улирлын бүх хичээл цахимаар явагдлаа. Гэнэтийн үйлдэл байсан учраас компьютер, микрофон, чихэвч, видео бичлэг хийх студи хэрэгтэй болсон. Энэ сорилтыг багш, оюутан сурагчид амжилттай давж, цахим орчинд шилжиж чадлаа.

Нэг онцлог нь сургалтын байгууллагын чанарын менежментийн тогтолцоонд шилжих ажил эхэлсэн. Багш нартаа танилцуулах “Модуль-1”  сургалтыг цахим орчинд явууллаа. Манай сургууль Чанарын менежментийн тогтолцоо  ISO-21001 боловсролын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Онцлох диплом”-той төгссөн оюутанд Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламжийг  Ерөнхий захирал энэ сарын 18-нд гардуулна” гэв.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version