Зарим гишүүн улс орон шүүхийн хараат бус байдал руу халдаж байна
Европ дахь авлигатай тэмцэх үйл ажиллагаа эерэг хандлагатай байгаа ч хэрэгжүүлэх шаардлагатай олон асуудал байна. Европын зөвлөлийн Авлигын эсрэг улсуудын бүлэг (ГРЕКО)-ээс гаргасан сүүлийн үнэлгээний тайланд дурдсанаар 2019 онд тус бүлгийн авлигын эсрэг зөвлөмжийн хэрэгжилт гишүүн улс орнуудын түвшинд бага зэрэг ахиц гарсан байна.
Гэвч анхаарал хандуулах шаардлагатай хоёр асуудал байна. Нэгдүгээрт, парламентын гишүүдийн авлигын асуудалтай тэмцэх асуудлаар улс орнууд хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, улс төрчдийн дундах авлигаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой ГРЕКО-ийн зөвлөмжийн хэрэгжилт 26 хувьтай байв.
Улс төрчдөд чиглэсэн дээрх зөвлөмжид бэлэг, хандив болон бусад үнэ бүхий зүйл хүлээн авахтай холбоотой асуудал багтаж байсан юм. Хэрэв бэлэг, хандив зэргийг хүлээн авсан бол түүний төрөл, өгч буй этгээдийн талаарх мэдээллийг бүртгүүлэх, ил тод болгох ёстой байсан юм.
Анхаарал татаж буй хоёрдахь асуудал бол зарим гишүүн улс орон дахь шүүхийн хараат бус байдал руу халдаж байгаа явдал юм.
“Энэ нь зөвхөн шударга ёсны зарчмаас гадна улс төрд итгэх иргэдийн тоо хэмжээ бага түвшинд байгааг харуулж байна” хэмээн ГРЕКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жанлука Эспозито энэ үеэр мэдэгдсэн юм.
Энэхүү тайлан нь Мальт, Чех, Польш, Румын зэрэг Европын холбооны улс орнуудад өнгөрсөн жил авлига, луйврын эсрэг олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болсны дараа гарч байгаа юм.