ОнцлохШинэ мэдээ

Зөөврийн хүчилтөрөгчийн аппарат хандивлав

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж болон амны хаалт зэргийг Улсын онцгой комисст хандивласаар байгаа билээ.

Энэ удаад “Глобал Ацетилен” компаниас Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчилтөрөгчийн аппаратыг хандивлав. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд, эмнэл зүй эрхэлсэн орлогч, хурандаа Р.Баянмөнх болон “Глобал Ацетилен” ХХК-ийн захирал Ж.Ганбат нар оролцлоо.

Тус компанийн захирал Ж.Ганбат “Дэлхий дахиныг айдаст автуулаад байгаа цар тахлаас иргэдээ авран хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй Батлан хамгаалах яам, Цэргийн төв эмнэлгийн эмч сувилагч, ажилтан албан хаагчдадаа талархаж байна. Энэ аюулт өвчнийг даван туулахад хүн нэг бүрийн итгэл, сэтгэл хамгийн чухал” гээд зөөврийн хүчилтөрөгчийн аппаратыг хүлээлгэн өгч, батламж гардуулсан юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Дэлхийг хамарсан цар тахлын хурцадмал энэ үед Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бүхий л талаар дэмжиж хамтран тэмцэж байгаад Улсын онцгой комиссын орлогч даргын хувьд талархаж байна. Зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтээрээ хамтдаа тэмцэж байж энэ өвчнийг даван туулна гэдэг нь улам бүр ойлгомжтой болсон. Коронавирусийн цар тахал удаан жилийн хор уршигтайгаас гадна түүнийг дарах вакцин гараагүй энэ үед нэн чухал шаардлагатай, ач холбогдолтой зөөврийн хүчилтөрөгчийн аппаратыг Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагааг дэмжин, хэрэгцээнд нь зориулж хандивлаж байгаад танай компанийн хамт олонд БХЯ, Цэргийн төв эмнэлгийн зүгээс гүн талархал илэрхийлье” гэв.

Мөн хурандаа С.Батболд “Эмчилгээ хийхэд нэн шаардлагатай зөөврийн хүчилтөрөгчийн аппаратыг хүлээлгэн өгч буй “Глобал Ацетилен” ХХК-ийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. “Эдгээр хүчил төрөгчийн аппарат зөөврийн гэдгээрээ туйлын ач холбогдолтой. Учир нь томилгоот бүлэг хөдөө орон нутагт ажиллах, дуудлагад явах зэрэг хаана хэзээ ч ашиглах боломжтой. Тиймээс хандиваар ирсэн энэхүү аппаратуудыг цаашид иргэдийнхээ эрүүл мэндийн хэрэгцээнд зориулан өндөр бүтээмжтэй ажиллуулна” гэв.

“Глобал Ацетилен” ХХК нь 2010 онд байгуулагдсан ба гагнуур болон лаборатори, эмнэлгийн зориулалтын хийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, аюулгүй тээвэрлэх, ханган нийлүүлэхийн зэрэгцээ өндөр даралтын шугам, хоолойн угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгч юм.

Эх сурвалж: Соёмбо сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version