БоловсролFocusШинэ мэдээ

“Чи бол миний баатар” номын видео хувилбар гарлаа

COVID-19-ийн талаар 6-11 насны хүүхдүүдэд зориулсан “Чи бол миний баатар” номын видео хувилбар монгол хэл дээр гарлаа. Монгол Улсад олон хүүхдэд хүргэх зорилгоор тус бүтээлийг Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэмжсэн юм.

Номыг Монгол хэлэнд хөрвүүлэх ажлыг Хүүхдийг Ивээх Сан хийжээ. Арио хэмээх үлгэрийн баатрын тусламжтайгаар хүүхдэд өөрийгөө, гэр бүл, найз нөхдөө коронавируст халдвараас хэрхэн хамгаалах, шинэ, хурдан өөрчлөгдөж буй нөхцөл байдлаас үүдэн гарах сэтгэл санааны хүндрэлийг хэрхэн даван туулах талаар энэхүү номонд өгүүлнэ.

Номыг эцэг эх, асран хамгаалагч, багш нарын дэмжлэгтэйгээр унших зориулалттай бөгөөд видео номыг мөн тэдний дэмжлэгтэйгээр хамт үзэх хэрэгтэй.

Видео номоос гадна Монголын өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд зориулан цөөн тооны хэвлэмэл ном бэлэн болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагаас 10,000 хувийг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, нийт 9 дүүрэг, 21 аймагт түгээх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүлээлгэж өглөө.

Харин Хүүхдийг Ивээх Сан нь Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, зорилтот 7 аймаг, нийслэлийн 3 дүүргийн хүүхдийн төлөө ажилладаг хамтрагч байгууллагуудад 3,750 хувийг түгээхээр зэхэж байна.

“Чи бол миний баатар” нь “Inter-Agency Standing Committee” буюу олон улсад хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулж ажилладаг НҮБ-ын байгууллага, үндэсний болон олон улсын байгууллага, ТББ-ын хамтарсан “Байгууллага хоорондын байнгын хороо”-ны Онцгой нөхцөл дэх сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг хариуцсан ажлын хэсгийн хэрэгжүүлсэн төсөл юм.

Номыг бүтээх ажилд дэлхийн олон улс орноос 1,700 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш нар оролцож, COVID-19-тэй хэрхэн тэмцэж буй талаар өөрсдийн туршлагаас хуваалцсан нь уг номын зураг болон зохиолыг бүтээсэн Хелен Патрик, төслийн багт үнэлж баршгүй дэмжлэг, туслалцаа болсон юм.

Номыг татаж авах хаяг: https://interagencystandingcommittee.org/iasc-reference-group-mental-health-and-psychosocial-support-emergency-settings/my-hero-you

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version