Шаардлага хангахгүй элэгний вирус тоологч аппаратыг зогсоожээ
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт 2017 онд суурилуулсан элэгний В, С вирусний идэвхжил тоологч аппарат ажиллахгүй болжээ. Тодруулбал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын лабораторуудын нэгдсэн холбооны хамтарсан ажлын хэсгийн хийсэн хяналт шалгалтаар тус аппаратыг чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг гарган 2019 оны 7 дугаар сард үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний вирусний идэвхжилийг орон нутагтаа тоолдог, зориулалтын аппараттай цөөхөн аймгийн нэг Сүхбаатар боллоо гэж байсан нь саяхан. Тухайн үед аппаратыг 300 орчим сая төгрөгөөр, “Итгэл эрүүл мэнд” гэдэг компани нийлүүлсэн байдаг. Нэг жил гарны хугацаанд ашиглаад, гар ажиллагаа ихтэй, хагас автомат гэдэг шалтгаанаар дахин ашиглах боломжгүй болжээ. Учир нь ийм аппаратыг хаана ч ашиглахаа больсон байна.
Тухайн аппаратыг ашиглаж байхад цаг хугацаа их орохоос гадна маш их ажиллагаа шаарддаг байсан. Ер нь манайхаас өөр газарт ийм аппарат ашигладаггүй юм билээ. Тиймээс холбогдох газруудын хяналт шалгалтаар үүнийг зөрчил гэж үзээд үйл ажиллагааг нь зогсоосон. Манайаймгийн иргэдийн дунд элэгний өвчлөл асар өндөр. Тиймээс орон нутагтаа элэгний вирус тоолдог байх нь чухал. Энэ үүднээс АНЭ-ийн зүгээс өөрийн байгууллагад байсан буюу сүрьеэгийн тасагт ашигладаг жень эксперт гэдэг аппаратаар өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн вирус тоолох шинжилгээг хийж байна гэж АНЭ-ийн лабораторийн их эмч Б.Энхзул хэллээ.
Дээр дурдсан ажлын хэсгийн хяналт шалгалтын дүнг үндэслэн даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн гэж үзэн АНЭ-т даатгалын сангаас олгодог санхүүжилтийг мөн зогсоожээ.