Хүүхэд юу хүсдэг вэ?
Тэд эцэг эхтэйгээ цуг байхыг, өөрсдийнх нь бодлыг буруутгаж шүүлгүйгээр сонсоосой гэж хүсдэг. Хүүхдийн амьдралд аав ээж нь хамгийн чухал хүмүүс. Бидний хувьд ч тэр хамгийн чухал нь хүүхдүүд шүү дээ.
Хүүхэд бүрд эцэг эхийнхээ аль алинтай нь хамт байх хэрэгцээ бий. Ихэнх эцэг эхчүүд гэр бүлээрээ хамтдаа кино үзэж, гадуур зугаалахыг хүүхдүүдтэйгээ хамт цаг өнгөрөөж байна гэж эндүүрдэг. Гэтэл хүүхэд тус бүрд тусгайлан цаг гаргаж, тухайн цагтаа ах эгч дүүгийнх нь биш зөвхөн түүний асуудлыг сонсох хэрэгтэй. Хамгийн том хүүхдэдээ л гэхэд бид бага хүүхдүүдээ унтсаны дараа цаг гаргаж болно. Харин багадаа бол ах эгчийг нь сургуульдаа эсвэл цэцэрлэгтээ явсан хойно цаг гаргаж болно. Эрэлхийлж, хичээх л юм бол боломж бий. Гэтэл бид залхуурч, ядарч, төвөгшөөн тоохгүй орхисоор. Нэгийг нь хэтэрхий анхаарч, нөгөөг орхигдуулсаар.
Магадгүй гэртээ байхдаа та аар саар бусад зүйлст анхаараад хүүхдэдээ бүрэн анхаарч чаддаггүй байж болох тул, долоо хоногтоо хүүхэд тус бүртэйгээ хамгийн багадаа нэг удаа гэрээсээ гарч, хоёулхнаа байх цагийг бий болгоорой.
Ярилцах зүйл байхгүй юм шиг санагдаж байвал, хүүхдээсээ өнгөрсөн долоо хоногт эсвэл тэр өдөр болсон хамгийн сайхан, хамгийн муухай зүйлийг аль эсвэл урьд шөнө юу зүүдэлснийг нь ч асууж болно шүү дээ. Хамгийн чухал нь хүүхдэдээ түүний бодол, мэдрэмж өөрт чинь чухал гэдэг мэдрэмжийг өгөх ёстой. Энэ үед хүүхдээ огтхон ч шүүмжилж болохгүй. Ярьсныг нь засаж залруулах гэх ч хэрэггүй. Ярихыг хүссэн бүх зүйлийг нь ярилц.
Хүүхэд тань сонсохыг хүсвэл өөрийнхөө тухай ярихаас бүү татгалзаарай. Хүүхэд насандаа гаргаж байсан алдааныхаа тухай хүүхдэдээ ярьж тухайн үед ямар сэтгэгдэл төрж байснаа уудалж болно. Бага байхдаа сайн найзтайгаа муудалцаж байсан бол тэр тухайгаа ч ярь. Асуудлаа яаж шийдэж байсан тухайгаа ч тэр. Тэгснээр хүүхэд тань, “аав/ээж хоёр маань ч бас хүүхэд байж, тэдэнд ч гэсэн асуудал гардаг байж” гэж ойлгох болно.
Тусгайлан цаг гаргаж, хүүхдээ гэр бүлдээ хэчнээн чухал нэгэн болохыг ойлгуулснаар, тэр өөрийг нь анхаарч хайрлаж байгааг, өөрөөр нь хүлээн зөвшөөрч байгааг мэдэж, улмаар танд итгэнэ. Аав ээждээ итгэдэг хүүхэд асуудал урган гарвал цааргалалгүй хэлж, тантай хамт шийдлийг хайна.
Ийм энгийн юм бол аав ээж болон хүүхдүүдийн дунд асуудал гарахгүй шүү дээ гэж та бодож байж магадгүй юм. Гэвч долоо хоногт ганцхан удаа ийм цаг гаргаснаар тоолж томшгүй олон асуудал шийдэгдэж, бие биеэ хүндэтгэн ойлгох болно. Олон жилийн турш бэлгийн хүчирхийлэлд өртсөн ч ээж аавдаа хэлээгүй хүүхдийн тухай сонсоод би, эцэг эх нь хүүхэдтэйгээ дээр дурдсан байдлаар итгэлтэй яриа өрнүүлж байсан бол аль эрт аймшигт хэргийн тухай мэдэж арга хэмжээ авч болох байсан даа гэж харуусаж байлаа.
Ямар нэг зүйл хүүхдийн чинь санааг зовоогоод байх шиг санагдвал, та түүнээс энэ талаар ярихыг хүсэж байгаа эсэхийг нь асуугаарай. Тэр магадгүй, “та ойлгохгүй ээ” гэх байх, тэгсэн ч “би ойлгох гэж хичээх болно. Яримаар санагдвал хэзээ ч гэсэн яриарай. Би сонсох болно” хэмээн хариулаарай. Харин хүүхэд тань хариулахгүй бол яриулах гэж хүчлээд хэрэггүй.
Би нэг машин, мотоцикл сонирхдог хүүг таньдаг байлаа. Нэг удаа тэр мотоцикл хараад, “Хөөх! Тэрийг хар даа!” гэж хэлсэн юм. Би түүнээс тэр мотоциклийг юу гэж нэрлэдгийг, бас түүнийг мотоциклийн тухай юу юу мэдэх вэ гэж асуулаа л даа. Түүний царай гэрэлтээд л аз жаргалтай нь аргагүй мэддэг бүхнээ надад ярьсан юм. 12 настай охин маань шампунь, ангижруулагч гээд л үс арчилгааны талаар маш их сонирхдог. Нэг өдөр би түүнээс хуурай үсийг маань чийгшүүлэх ямар бүтээгдэхүүн байгаа бол гэж асуулаа. Охин маань намайг өөрөөс нь зөвлөгөө хүссэнд итгэж ядан, хамгийн сайн гэж боддог бүтээгдэхүүнээ санал болгосон. Хэрэглэж үзээд сэтгэгдлээ хэлэхэд минь ямар уриалгахан хүлээж авсан гээч.
Эцэг эх байна гэдэг хэчнээн жаргалтай хувь тохиол билээ дээ, үүнийхээ хэрээр бидний цаг энергийг ч шаардана. Хүүхэдтэйгээ цуг байсныхаа төлөө, түүнийг сонссоныхоо дараа харамсах хүн байхгүй л болов уу. Харин ч боломжтой байх үедээ хүүхдүүдтэйгээ илүү их цуг байж, илүү дотно байсан бол гэдэг харуусал гэмшлийг би хүмүүсийн амнаас олонтоо сонсож байлаа.
Сэтгэл зүйч, социологич Кэролин Симмонс нь хүүхдээ өөрсдөө асарч халамжлах боломжгүй болсон эцэг эхчүүд, гэр бүлүүдтэй ажилладаг байна. Энэ чиглэлээр багагүй хугацаанд ажилласан тэрээр эцэг эх хүүхдийн харилцааны тухай нийтлэл бичвэрүүд бичдэг ажээ.
Эх сурвалж: naturalchild.org