Улаанбаатар хотод АИ-92 авто бензин нэг литр нь 1,320-1,400 төгрөгөөр борлуулагдана
Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан.
Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензиний үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин нэг литр нь 1,670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1,320-1,400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизель түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ” гэв.
2020 оны тавдугаар сарын 23-ны байдлаар: А-80 авто бензин 50 төгрөгөөр
АИ-92 авто бензин 80-100 төгрөгөөр
АИ-95 авто бензин 200 төгрөгөөр
Дизель түлш 160 төгрөгөөр буурсан.
Өөрөөр хэлбэл, нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, АИ-92 авто бензин 475 төгрөг, АИ-95 авто бензин 440 төгрөг, дизель түлш 590 төгрөгөөр тус тус буурчээ.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: /Өнөөдрийн байдлаар/ А-80 авто бензин-1,350 төгрөг
АИ-92 авто бензин – 1,360 төгрөг
АИ-95 авто бензин 1,800 төгрөг
Дизель түлш – 1,990 төгрөг байна.
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 409 дүгээр тогтоолын дагуу шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгж 133 мянган тонн хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байгаа аж. Энэ оны тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгааг мөн мэдээлэв. Үүнд,
А-80 авто бензин 61
АИ-92 авто бензин 33
Дизель түлш 40
ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна.
Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнэ буурсан асуудлаар мэдээлэх үеэр холбогдох байгууллагууд үнэтэй холбоотой зарим асуудлаар байр сууриа илэрхийлсэн билээ.
Шатахууны үнэ буурсан учир такси үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг километрт 800 төгрөгөөр явахыг уриалав
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэлэхдээ “Дэлхийд газрын тосны үнэ буурсан нь бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийн үйл ажиллагаагаа ухамсарлаж, хэрэглэгчдээ дээдэлсэн шийдвэр гаргах, үнэ бууруулах боломжоо судлах зэрэг нөхцөл байдлыг үүсгэсэн. Холбогдох судалгаанаас харвал газрын тосны үнэ нийтийн тээвэр, хүнсний бараа бүтээгдэхүүн, эм, тариа, эмнэгийн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлдөг. Тэр утгаараа энэ цаг үед холбогдох газрууд иргэдийн эрх ашгийг хүндэтгэн, үнээ өсгөхгүй байхыг уриалж байна” гэв.
Газрын тосны үнэ шууд нөлөөлдөг нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбарууд үнээ бууруулахад анхаарч ажиллах хэрэгтэй
МҮЭХ-ны төлөөлөл “Иргэдийн орлого буурсан өнөө үед үнээ буулгахыг нийт ААН байгууллага, компаниуд иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгах хэрэгтэй. Эхний ээлжид такси үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг км-т 800 төгрөгөөр явахыг уриалж байна. Дараагийн ээлжид нийтийн тээврийн газарт шаардлага тавихаар ярилцсан” гэв.
Үндсэндээ шатахууны үнэ 30 гаруй хувиар буурч байгаа тул хэрэглэгчид гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийг бууруулахыг хүсэх нь гарцаагүй. Тэр утгаараа газрын тосны үнэ шууд нөлөөлдөг нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбарууд үнээ бууруулахад анхаарч ажиллах хэрэгтэйг мөн хэлэв.