Засгийн газарОнцлохШинэ мэдээ

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг VI.30-ны өдрийг дуустал дахин сунгалаа

УОК үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойн өдөр ээлжит 22 дугаар хурлаа өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.

УОК-ын өргөтгөсөн хурлын эхний хэсэгт: 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахлын нөхцөл  байдлын мэдээ, УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, КОВИД19 цар тахлын үед эдийн засгийг сэргээх чиглэлээр авч буй  хариу арга хэмжээний талаар УОК-ын дарга, гишүүд, салбар хариуцсан сайд нарын мэдээллийг тус тус  сонсож, комиссын гишүүд санал хэлж тодруулга авав. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн байдалтай холбогдуулан  УОК-ын гишүүдэд тодорхой үүрэг даалгавар, чиглэл өгөв.

Монгол Улсын хэмжээнд коронавируст цар тахлын халдвар авсан 141 хүн оношлогдож 33 нь эдгэж, 108 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж, гадаад улс орнуудад 32 иргэн коронавирусээр өвчилсөн нь тогтоогдож, эмчлэгдэж байна. Манай улсад бүртгэгдсэн тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж, ирсэн бөгөөд дотоодддоо халдвар тархаагүй дэлхийн цөөн улсуудын нэгэнд тооцогдож байна. ДЭМБ болон бусад мэргэжлийн байгууллагууд уг халдварт цар тахлаас хохирол багатай гарах сонгодог арга нь урьдчилан сэргийлэлт хэмээн зөвлөж, үүний тод жишээгээр манай улсыг нэрлэж байна. Иймд цаашид ч урьдчилан сэргийлэлтээ үргэлжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд дахин онцолсон.

Дэлхий дахинаа цар тахал дэгдэж, Монгол Улс иргэдэээх орондоо ирэхийг уриалснаас хойш 62,510 иргэн ирснээс 8300 гаруй нь 14-21 хоног тусгаарлалтад оржээ. Одоо Дэлхийн 46 улсаас 11,275 иргэн ирэх хүсэлтээ гаргаад байгаа аж. Тусгаарлах байрны нөөц боломж зэргээ тооцон иргэдээ татан авах ажлыг үргэлжлүүлж, шат дараатай зохион байгуулсаар байна гэв. ДЭМБ-аас маш өндөр эрсдэлтэй орны хувьд цар тахал дэгдлээ гэхэд хүн амынхаа нэг хувьд халдвар тархана гэж тооцож бэлтгэлээ хангахыг зөвлөсөн байна. Энэ нь 32.760 хүн байх бөгөөд 112 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт бэлэн байдалд шаардагдахаар тооцоо гарчээ.

КОВИД19 цар тахлын үед эдийн засгийг сэргээх, ард иргэдийн амжиргааг дэмжих чиглэлээр хэд хэдэн томоохон арга хэмжээ авч, Засгийн газраас 7 тогтоол гаргаж ажилласан байна. Хүүхдийн мөнгийг 70.000, халамжийн тэтгэврийг 100.000 төгрөгөөр нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж, бага орлоготой айл өрхүүдэд үнийн дүнг хоёр дахин өсгөсөн хүнсний талон олгож, иргэд аж ахуй нэгжийн түрээсийн төлбөрийг чөлөөлж, малчдын тушаасан ноолуурын килограмм тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгож, ипотекийн болон хэрэглээний зэээлийн төлөлтийг 3-6 сараар хойшлуулж, төв банкны бодлогын хүүг 3 функтээр бууруулжээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, аж ахуй нэгжүүдийн импортын татварыг хөнгөлөх, улмаар тэглэх арга хэмжээ авч, цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор УИХ-аар 14 томоохон төслийг хэрэгжүүлэх эрхийг нээлгэж, шийдвэрлүүлээд байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Гадаад харилцааны сайд иргэдийг татан авах ажиллагааг дипломат шугамаар үргэлжүүлэн зохион байгуулахаа мэдэгдсэн. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЭЕШ-ыг 2020 оны 7 сарын 02-05-нд орон даяар зохион байгуулах бэлтгэл хангаж байгаа бөгөөд эрхийг албажуулж нээж, өгөхийг УОК-оос хүссэн. Мөн хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг олгох талаар судлаж шийдвэрлэхийг Сангийн сайдаас хүссэн.

Эдгээр мэдээлэл танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаварыг УОК-ын гишүүд, ард иргэддээ чиглэл болгосон юм. 

Улсын онцгой комиссын гишүүд, холбогдох байгууллагуудад:

1.  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг зохион байгуулах;

2.  КОВИД-19 халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарахыг дахин сануулмаар байна;

3.  Улс, нийслэл, аймгийн түвшинд КОВИД-19 халдвар тархах эсрдлийн үнэлгээг тогтмол үе шаттай хийж, эрсдэлд суурилсан төлөвлөгөөг нь тухай бүрт тодотгож, нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжилтийг зохион байгуулах;

4.  Халдварын болзошгүй эрсдэлт нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, бүх түвшинд дайчилгаа зохион байгуулах бэлтгэлийг хангах;

5.  Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор холбогдох заавар, зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд өгөх;

6.  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, эрүүл ахуйн ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Амны хаалтаа зүүцгээе” аяныг үргэлжлүүлэх;

7.  Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл, мэдээллийн байгууллагууд хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх;

8.  Өндөр эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй нийт төрийн албан хаагчдад болон тэдний гэр бүлд дэмжлэг туслалцаа, шагнал, урамшуулал олгоход онцгой анхаарч ажиллах;

Иргэд олон нийтэд:

1.  Бид сахилга, дэг журамтай байж, энэ аюулт халдвараас өөрсдийгөө хамгаална. Иймд иргэн бүр хувийн ариун цэврээ сахиж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг хатуу мөрдөх хэрэгтэй.

2.  Төр засаг үүргээ гүйцэтгэж, гадаад улс орнуудаас иргэдээ үе шаттайгаар татан авч ирж байна. Цаашдаа ч манай Засгийн газар иргэдээ татан авчирна гэсэн байр суурьтай байгаа.

3.  Оюутан, залуучууд хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссон энэ үед цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном, сурах бичиг, цахим эх сурвалжийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх.

4.  Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулах, олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж уриалсан юм.

УОК-ын өргөтгөсөн хурлын хоёрдугаар хэсэгт: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх түр журмын төсөл мөн сонгуулийг зохион байгуулахад болзошгүй халдвараас хамгаалахад шаардагдах зардал, БХЯ-ны харьяа ЦТЭ-т шаардагдах хөрөнгийн асуудлын талаар хэлэлцэн зарим шийдвэрийг гаргав.

Найм дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдсон хэвээр байна. Түүнчлэн цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын тархалт, дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг  2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг УОК-ын Шуурхай штабаас гаргасныг УОК-ын гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлуулахаар тогтов.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үед анх удаа УИХ-ын сонгуулийг зохион явуулах гэж байгаатай холбогдуулан СЕХ-той хамтран УОК-оос ажлын хэсэг томилж “Түр журам”-ын төсөл боловсруулаад байна. УИХ-ын 2020 оны сонгууль  сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулжээ. Уг журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм,  хугацаа зэрэг зүйлсийг тусгаж өгсөн байна. Комиссын гишүүд журмын төсөлтэй танилцаад зарим өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэж үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version