Уул уурхайШинэ мэдээ

ТОП 100 ААН-ийн жагсаалтыг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо баяр хүргэв

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас хамтран аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, нийгмийн даатгал төлөлт, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн таван үзүүлэлтээр эрэмбэлдэг ТОП 100 шалгаруулалтын манлайлагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тодорсон. Энэхүү амжилт, ололтод  гар сэтгэл нийлж,  хамтын хүчээр хүрсэн уурхайчин хамт олондоо тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяр хүргэв.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 2019 оны ТОП 100 жагсаалтын тэргүүнд бичигдсэнээрээ Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтыг 18 дахь удаагаа манлайлж буй. Улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй татвар, цэвэр ашиг, борлуулалтын орлогын хэмжээгээр нь харьцуулан эрэмбэлдэг, “ТОП 100” шалгаруулалтын 2019 оны жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 961.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэлт, 561.8 тэрбум төгрөгийн ашиг, 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон зэрэг амжилтаараа тэргүүлжээ. Өнгөрсөн оны эдгээр үзүүлэлт нь тус үйлдвэрийн 42 жилийн түүхэн дэх хамгийн дээд амжилт болж, “шилдэг 100” жагсаалтын түрүү байрыг авчирсан байна. 

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний дөрвөн сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 хувиас дээш биелүүллээ. Дэлхий нийтээр ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буй энэ үед тус үйлдвэрийнхэн гадаад дотоод ямар нэг өр төлбөргүй, өөрсдийн хүчээр мөнгөн хуримтлал бий болгож, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай материал, сэлбэг хэрэгслээ нөөцөлж авах зэрэг зорилт хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүндрэлийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, Ерөнхий захирал, түүний чиглэл хариуцсан орлогч нараар  ахлуулсан төв штаб болон дэд штабын зохион байгуулалттай өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэн.

Үүний хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмэлт орлого олох, өртөг зардал бууруулах чиглэлээр тухайлбал, төлөвлөгөөт хэмжээнээс гадна 300 мянган тонн хүдэр нэмж боловсруулах, зэсийн металл авалтыг 0.4 хувиар, молибдены металл авалтыг 3.5 хувиар өсгөх даалгавартай ажиллаж байна. Ингэж ажилласны  үр дүнд оны эцэст 25.8 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 17 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр зорилт дэвшүүлжээ. Энэ зорилт эхний 4 сарын байдлаар амжилттай хэрэгжиж, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 3 орчим тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version