“Замчин” худалдааны төв 80 гаруй ажлын байр бий болгожээ
Дархан сумын 4 дүгээр багт орших Дархан өртөөний дэргэд хүнсний ногоо, цагаан идээний төвлөрсөн “Замчин худалдаа төв”-ийг 2019 оны 1 дүгээр сард нээсэн. Тус ажил иргэдийн санал хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж хэрэгжсэн юм.
2018 онд холбогдох яаманд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хүсэлт хүргүүлэн 150 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн бол аймаг, орон нутгаас 190 орчим сая төгрөгийг шийдвэрлэн нийт 340 сая төгрөгийн төсвийн өртөгтэйгөөр энэхүү худалдааны төв ашиглалтад орсноор 80 гаруй байнгын ажлын байр бий болсон байна.
Дээрх худалдаа төв нээгдсэнээр авто зам дагуу гар дээрээс ил задгай худалдаа эрхэлдэг байдал арилж иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан орчноос өрхийн үйлдвэрлэл эрхэгчдийн өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, бэлтгэж боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг ченжийн гар дамжихгүйгээр хямд үнээр шууд худалдан авч байгаа юм. Мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид халуунд халж, хүйтэнд даарахгүй тухтай орчинд бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болсондоо талархаж буйгаа нээлтийн үеэр илэрхийлж байв.