Нийслэл

Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Хүй долоон худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Хүй долоо худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ыг өв соёлын цогцолбор, олон улсын спорт цогцолбор болгохоор тусгасан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар тусгасан юм.

Цогцолборын хэрэгцээт газрын давхцалыг арилгах Ажлын хэсэг судалгаа хийж, Засгийн газраас улсын тусгай хэрэгцээний газрын хилийн заагийг шинэчилсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Аргалант сумын 11 000 га талбайг хамруулахаар тогтсон байдаг. Үүнтэй холбогдуулан цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага гарчээ.

Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулгат хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хуралдаанд танилцуулав. “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоогийн байдал болон хэтийн төлөвийн судалгаанд тулгуурлан хийжээ. Монголын уламжлалт байр наадмыг нэг  дор зохион байгуулах, олон улсад сурталчлах, цаашлаад 2030 онд олон улсын спортын наадам зохион байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын иргэд амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлэхэд төслийн зорилго оршиж буй.

Хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотголд 43.2 км авто зам, 59.8 км дугуйн зам тавьж, ногоон байгууламж, тохижилт бүхий 50-90 метр урт явган замыг 137.5 га талбайд байгуулахаар тусгажээ. Мөн 43.5 га талбайд 14 880 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн онгоц бууж,  хөөрөх талбай, усан сан, гольфийн талбай, морины тахны хэлбэр бүхний уяачдын отог, задгай театр зэргийг байгуулахаар төлөвлөжээ.

Цогцолборт барих зарим байгууламжаас дурдвал, 35 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 5280 хүний суудалтай сур харвааны талбай, 20 000 хүний суудалтай морь барианы цогцолбор, 5000 хүний суудалтай морин тойруулга, 10 000 хүний хүчин чадалтай амралтын цогцолбор, 5000 хүний суудалтай спорт цогцолбор, зочид буудал, музей, хурлын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн талаар Нийсллэийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулгат танилцууллаа. Эдгээрээс гадна цогцолборын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хүрээнд цанын бааз, их сургуулийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нийтдээ 792 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд, төслийг төр-хувийн хэвшлэлийн түншлэлээр хийх аж.  

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төслийн хүрээнд таван бүтэц бүхий цогцолбор баригдана. Улаанбаатар хот эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ аялал жуулчлал гэж тооцсон. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ ухаалаг барилга байгууламж барих, зардал хэмнэх чиглэлд анхаарч ажиллаарай. Амралт, зугаалгын чиглэлээр 19, спортын чиглэлээр 13, аялал жуулчлалын чиглэлээр зургаан барилга байгууламж барих төлөвлөлт хийсэн байна. Эдгээрийг хувийн хэвлэлээр хийлгэх нь зөв гэж бодож байна” гэв. Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version