УИХ7 хоног

Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы  өндөөрийн (2020.05.14)  нэгдсэн хуралдаанаар  арван хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” тогтоолыг баталлаа

Хуралдааны эхэнд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан. Тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  92,8 хувь нь  дэмжив.

Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр  өргөн мэдүүлсэн, Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.  Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Төслийн хүрээнд ДЦС-3-т үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, Зг магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлуудыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төсөл хэрэгжсэнээр дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар 40-100 Гкал/ц-аар нэмэгдэж, ингэснээр ДЦС-4 ХК-ийн 10а магистраль, Ф1200мм-ийн сүлжээнээс хангагдаж байгаа Их тойрог, Бага тойрог орчмын 60 Гкал/ц ачааллыг ДЦС-З-ын ДДХ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 30 мянган хүүхдийн сургууль, 7 мянган хүүхдийн цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж төслийн танилцуулгад дурдсан байна.

“Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан.

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэн дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж байлаа.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс  нийслэлийн дулаан шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлыг дэмжиж байгаа ч, Дэлхийн банкны зээлийг авснаар өрийн босго хэр нэмэгдэж байгаа эсэх, төслийг  хариуцан хэрэгжүүлэгч нь аль яам байхыг тодруулав.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Монгол Улсын өрийн хэмжээ  өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 79 хувьтай тэнцэхүйц байсан бол өнөөдөр 2019 оны төсвийн гүйцэтгэлээр авч үзвэл 55,6 хувь буюу 24 пунктээр өрийг бууруулсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилд 8,5 их наяд төгрөгийн өр төлсөн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа онцлоод уг төслийг хэрэгжүүлэгч нь  Эрчим хүчний яам бөгөөд төслийн асуудлыг бүрэн хариуцна гэж байлаа.

Ингээд Байнгын хорооны саналаар “Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг батлая” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг  хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар тус тус танилцуулсан.

Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн ассоциацитай хамтран  2002 оноос хойш хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа” төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулахад нийт 65.7 сая ам.долларын төсөл хэрэгжжээ. “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 2014 оноос хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан боловсруулж, батлуулж, мөрдүүлэх, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор ОНХС-ийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийгдэж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна.

Төслийн үр дүнд ОНХС-ийн удирдлага, зохион байгуулалт сайжирч байгаа бөгөөд төслийг ийнхүү дэмжсэнээр  орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй байгаа тул -Тогтвортой амьжиргаа-3” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад туслах зорилгоор Дэлхийн банкнаас төслийг одоогийн дуусах огноо болох 2020 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр жилээр сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг Дэлхийн банкнаас олгохоор шийдвэрлээд байна. Зээлийн санхүүжилтийг Олон улсын хөгжпийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж танилцуулгад дурджээ.

Тогтвортой амжиргаа – 3 төслийн нэмэлт санхүүжилт хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах ‘Тогтвортой амьжиргаа-3″ төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг  батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжлээ.

Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлттэй танилцлаа

Хуралдаан   Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг,  32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар дүгнэлтийн  хэлэлцүүлгээр үргэлжлэв. Цэцийн дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулсан. Үндсэн хуулийн  цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, … тэгш байдал …  хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.

Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, … үзэл бодол …-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”,  мөн зүйлийн 10 дахь заалтын “… Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. …”,  Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”, мөн зүйлийн 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй гэж үзсэн байна.  Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаатус тус танилцуулсан.   Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар  иргэнээс 2014 онд Улсын Их Хурлаас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг Улсын Их Хурал батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Улсын Их Хурлын Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун үг хэлсний дараа Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж  хуралдаанд оролцсон гишүүдийн 90.2  хувь нь үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

“Аэросити” гэснийг “Шинэ Зуун мод хот” гэж өөрчлөхөөр боллоо

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг дурдав. Иймээс Барилга, хот байгуулалтын яам тогтоолын төслийн “Аэросити” гэсэн нэршлийг өөрчлөх асуудлын талаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын саналыг авсны үндсэн дээр Засгийн газраас хотын оноосон нэрийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналаа Байнгын хороонд ирүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төрийн зүгээс дагуул хот байгуулахад  ямар бодлого барьж байгааг тодруулахын зэрэгцээ  дагуул хотын “Алсын хараа-2050” баримт бичигт хэрхэн  тусгасныг лавласан. Барилга, хот байгуулалтын Дэд сайд Б.Мөнхбаатар хариултдаа, Ирэх 20 жилд монгол Улсын хүн ам механик өсөлтөөр 5 сая болно гэсэн тооцоолол байгаа тул хот суурингуудыг шинэчлэх, өргөтгөх асуудлыг судалж байна. Алсын хараа-25-д энэ бүхэн тусгагдсан гэдгийг онцлов. Цаашдаа шинээр хот байгуулах асуудлыг эдийн засгийн хувьд төрөлжүүлж, шинэ ажлын байртай уялдуулах бодлогыг барьж байна гэж байлаа.

Ингээд Байнгын хорооноос “Тогтоолын төслийн  “Аэросити” гэснийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөхийг” зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 82,7 дэмжсэн тул үргэлжлүүлэн уг тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан. Тус Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Д.Ганболд, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нар орж ажилласан болно. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цогзолмаа нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Н.Оюундарийн асуултад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариултдаа, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээс төрийн ачаанаас хувийн хэвшлийнхэн сайн хуваалцаж байггааг онцлоод Эрүүл мэндийн даатгалын сангаас төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд ялгавартай санхүүжиж байсныг 2020 оны улсын төсвөөр эрс өөрчилсөн гэдгийг тодотгов. Тухайлбал, хэвтэн эмчлүүлэхэд төрийн эмнэлэгт 300 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 175 мянган төгрөг байсныг адилтган 400 мянган төгрөг болгосон. Мөн уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдээ дэмжиж 117 мянган төгрөгийн тарифыг 250 мянган төгрөг болгосон гэж байлаа. Мөн тэрбээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний асуудалд анхаарлаа хандуулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутагт яаралтай тусламж, үйлчилгээнд шаардлагатай парк шинэчлэлтийг 90 гаруй хувьд хүргэснийг тодотгохын зэрэгцээ хуулийн төсөлд иргэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авсны дараах урт хугацаанд сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээ хийх зардлыг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх чухал заалтыг тусгасан гэж байлаа.

Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 9 санал гаргасныг хуралдаанд оролцсон  гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 3.1.24 дэх заалт болон 2 дугаар зүйлийн 16.10 дахь хэсгийн “хүн амын” гэсний дараа “эрүүл мэндийн” гэж, 1 дүгээр зүйлийн 44.1.7 дахь заалтын “мэдээлэл өгөхийг” гэсний дараа “эрүүл мэндийн байгууллага,” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 8.1.25 дахь заалтын “өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг” гэснийг “өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг’ гэж, 8.5 дахь хэсгийн “дахь хэсэгт заасан” гэснийг 19.3.3-д заасан” гэж тус тус өөрчлөхийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 16.19 дэх хэсгийг, 1 дүгээр зүйлийн “4/33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг’-ийг бүхэлд нь хасахаар боллоо.  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс нь” гэснийг “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс” гэж өөрчлөхөөр болов. Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг баталлаа

Хуралдаан Монгол Улсын засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их хурлын гишүүн Ц.Цогзолмаа тус тус танилцуулсан. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллаж байгаа ба уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой дүүжин зам, мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой дүүжин зам байгуулна. Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.

Энэхүү  Санхүүгийн хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд уг Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрх олгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,7 хувь нь дэмжив.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Дараа нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.  Тэрбээр танилцуулгадаа, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хангана” гэснийг “хангаж, шаардпагатай бусад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны санал,  дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-д заасны дагуу  “Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “хангана” гэснийг “хангаж, шаардлагатай бусад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ” гэж өөрчлөхөөр болов. Ингээд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт оруулахтухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүуд болон Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хувилбарын төслүүдийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийсэн гэдгийг танилцуулгадаа дурдсан. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асуусны дараа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан. Хуралдааны үеэр хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. Байнгын хорооны санал,дүгнэлттэй холбогуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Уг санал дэмжигдсэн тул хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Хуралдааны төгсгөлд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан.Тэрбээр танилцуулгадаа, анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодпого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн гэдгийг онцлов. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиснээр чуулгын нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version