Ерөнхийлөгч төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна.
Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж буй учраас ажил саадгүй үргэлжилж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, ЗХЖШ-ийн дарга, хошууч генерал Д.Ганзориг болон бусад албаны хүмүүс дагалдан ажиллав.
Зүүнбаян-Тавантолгой чиглэлд 22.5 км дээд бүтцийн ажил хийгджээ
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ.
Мөн өнгөрсөн хугацаанд хиймэл байгууламжийн буюу гүүр, хоолой, гарам зэргийн ажилд шаардагдах бетон зуурмагийг үйлдвэрлэх найман үйлдвэр, дээд бүтцийн чулуу бутлуурын таван үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр төмөр замын барилгын ажилд шаардагдах бетон зуурмаг, балластыг дотоодоос бүрэн хангах боломжтой боллоо.
Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд нь сард хоёр сая төгрөгийн цалин авч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Зүүнбаян өртөөнөөс эхлэн 22.5 км рейльс төмөр угсарч, үргэлжлүүлэн угсрахад шаардагдах бетон дэр, ган хийц зэрэг бэлдэцүүдээ бэлтгэжээ.
Бетон дэрний үйлдвэрлэлийг дотоодын “Улаанбаатар БҮК” ХК, “Дорнод ган хийц” ХХК, УБТЗ ХНН, “Монгол технологи бүтээмж” ХХК зэрэг аж ахуйн нэгж хариуцан хийж байна.
УБТЗ ХНН мөн төмөр зам дагуух агаарын шугамын ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн бөгөөд нийт 380 км урт агаарын шугам барьж байгуулахаар төлөвлөж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын рейльс төмрийг угсрахад бэлтгэж байна
Засгийн газрын шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн нутагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг хариуцан ажиллах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан билээ.
Тус чиглэлийн төмөр замын ажлыг өнгөрсөн оноос эрчимжүүлсэн бөгөөд доод бүтцийн ажлыг ирэх сард, нийт ажлыг 28 сарын дотор дуусгахаар төлөвлөжээ. Энэ чиглэлд мөн 100 хувь дотоодын компаниуд ажиллаж байгаа юм.
Цар тахлын үед ажлын байрыг хадгалж байна
Төмөр замын бүтээн байгуулалтын дээрх төслүүд дээр ажилчин, алба хаагчид нийлсэн 6,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний хоол хүнс, хувцас, хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлсийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байгаа юм. Энэ нь цар тахлын хямралын үед өрхийн орлогын эх үүсвэрийг хадгалж буй сайн жишээ болж байна.
Мөн энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр барих төмөр замуудыг саадгүй барих боловсон хүчин, техник хэрэгсэл, үйлдвэр зэрэг бааз суурьтай болж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын трассын дагуу ажиллах үеэрээ туслан гүйцэтгэгчээр оролцож буй аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчний ангиудын алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарах, гүйцэтгэлийн түвшинг жигдрүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.