Тусгай үүргийн гурван нислэг хүлээн авлаа
УОК-ийн шийдвэрээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээс хүндэтгэх шалтгаантай иргэдийг нэн түрүүнд татан авч байгаа бөгөөд 04.30, 05.01 болон 05.03-ны өдөр тусгай үүргийн 3 удаагийн нислэгээр монгол иргэдээ татан авсан.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгай үүргийн нислэгт эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг томилон ажиллуулж зорчигчдыг онгоцонд суухаас өмнө нисэх буудал дээр иргэдийн биеийн халууныг хэмжин, тандалт хийж, нислэгийн туршид зорчигчдын биеийн байдалд ажиглалт тандалт хийж, асуумж бөглүүлэн, өвчний сэжигтэй зорчигчдыг тусад нь суулгаж хяналт тавьж ажиллалаа.
Мөн тусгай үүргийн нислэг газардах үеэр “КОД-9” бэлэн байдал зарлаж, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахиулан сэжигтэй зорчигчдыг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч, бусад зорчигчдыг ажиглах байранд тусгаарлуулж, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн албаар гүйцэтгүүлэн хяналт тавьж ажиллав.