УИХГадаад харилцааУлс төр

ОБЕГ-ын дарга Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томиллоо

УИХ-ын өнөөдрийн /2020.05.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцсөн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууж, хэлэлцлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дараагийн элчин сайд нарыг яаралтай томилох саналыг гишүүд хэлж байна. Гэвч коронавирусаас шалтгаалан олон улсын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс ҮАБЗ дээр ярилцаад ойрын хоёр хөрш улсад Элчин сайдаа томилохоор болсон. Энэ хоёр хүн нам бус, төрийн жинхэнэ албан хаагчид юм.

БНСУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Б.Ганболдыг эгүүлэн татаж, өөр ажилд томилоод жил гаруй болж байна. Бараг хамгийн удаан хугацаанд түр хамаарагчтай байсан улс болж байна. Тиймээс тус улсад түр хамаарагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяаг томилох нь зүйтэй гэж үзлээ.

Чуулганы үеэр гишүүд үг хэлж, санал гаргаснаар Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санад хураалтаар Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.9 хувийн саналаар дэмжсэн бол Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.5 хувийн саналаар дэмжлээ.

Дашрамд дуулгахад, Элчин сайдаар томилогдож байгаа Т.Бадрал нь 1966 онд төрсөн, 1974-1984 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын 1 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцсан бөгөөд 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр 1999-2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр 2013 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй тус тус сурч төгссөн. Мөн 2013 онд Шинэ Зеландын Массигийн их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн. Англи, орос, франц хэлтэй.

2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга, 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2009-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version