Улмаар Нийслэлийн ИТХ-аас хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын айл өрхийн ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэх төслийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зурсан. “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төсөл хэрэгжсэнээр хөрсний бохирдлын 80 хувийг эзэлдэг гэр хорооллын ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна. Мөн гэр хорооллын нүхэн жорлонгийн тоог багасгах дунд, богино хугацааны төслийг эхлүүлээд байгааг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга онцолж байна.
Төслийн хүрээнд жилд 10 мянга орчим айлын нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын хөрсний бохирдлын томоохон эх үүсвэр болох арьс ширний үйлдвэр, авто машины угаалга, засварын газруудыг журамлахаар болж төслийг боловсруулж буйг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт онцолж байна.