ВидеоНийгэм7 хоног

Д.Нямхүү: Франц иргэн 47 хоног эмчлүүлээд, бүх шинжилгээ нь сөрөг гарч эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ээлжит /2020.04.27/ мэдээллээ хийлээ

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар шинэ коронавируст халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.9 сая хүн өвчилж, 206 мянган хүн нас барж, 877 мянга гаруй хүн эдгэрч, 1.9 сая хүн энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрөгч 24 цагийн дотор ОХУ-д шинээр 6361 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл 80 мянгад хүрлээ. Нас баралт 66-гаар нэмэгдсэн. Москва хотын хувьд 24 цагийн хугацаанд өвчлөл буурсан ч бусад хот, мужуудад халдвар тархаж байна. Халдварын өсөлтийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 89 хувь байна. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч “Халдварын оргил үе өмнө байна. Энэ өвчнөөр бүх насныхан өвдөх эрсдэлтэй. Жирэмсэн эх, бага насны хүүхдүүдэд онцгой анхаарал тавих шаардлагатай” гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн ОХУ-д тавдугаар сард тохиодог баярын өдрүүдэд хатуу хөл хорионы дэглэм чанд мөрдөхийг анхааруулсан.

БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэж буй өвчтөн байхгүй. Бүх өвчтөн эмнэлгээс эдгэрч гарсан гэдэг мэдээллийг өгчээ. Мөн Европын зарим орнуудад цар тахлаас гадна улирлын томуу, улаан бурхан зэрэг өвчлөл гарч байгаа учраас товлолт дархлаажуулалтад анхаарал хандуулж, хүүхдийг хоцруулахгүй байхыг ДЭМБ-аас анхааруулжээ. Монгол Улсын хувьд ажиглалтад 743 хүн байна. Эдгээр хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүлж байна. Үнэ төлбөргүй 24 цагийн 119 дугаарын утсанд 226 дуудлага ирснээс ОХУ, АНУ, Англи, БНСУ, Малайз зэрэг долоон улсаас Монгол Улсын иргэн утасдаж, эмнэл зүйн шинж тэмдэг, дэглэмийн талаар зөвлөгөө авсан. Өнгөрсөн долоо хоногт нийт есөн улсаас 24 хүн холбогдож, зөвлөгөө авсан. Мөн иргэдээс амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маш олон хүн амны хаалт зүүхгүй явж байна гэдэг гомдол саналыг ирүүлсэн. Зуны дэлгэр цагт бага насны хүүхдийг амны хаалтгүй явуулахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна” гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: Сүүлийн 24 цагт хүн амын дунд тархалт өндөр байгаа 10 орны зургаа нь ДЭМБ-ын Европын бүсэд бүртгэгдэж, нийт халдварын 50 хувийг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ, Турк, Украин, Узбекистан, Беларусь зэрэг зүүн Европын орнуудад халдварын түвшин нэмэгдсэн. Сүүлийн 24 цагт өвчлөл АНУ, Англи, Турк улсад гурван хувиар нэмэгдсэн. Нас баралтын хувьд одоогоор Франц улс 18 хувьтай, Итали, Англи улс 13 хувьтай байна. АНУ-д дөрвөн хоног тутам тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж байна. Бусад өндөр хөгжилтэй оронд тохиолдлын тоо тав хоног тутам хоёр дахин, Сингапурт найм хоногт, Японд есөн хоног тутам өвчлөл хоёр дахин нэмэгдэх үзүүлэлттэй байна.

Тархалтын үе шат, хариу арга хэмжээний бэлэн байдлаас хамаарч, улс орнууд хязгаарлах арга хэмжээг чангатгах, сулруулах арга хэмжээг авч байна. Ингэхдээ тархвар зүй, мэдээлэл, нийгэм эдийн засаг гэх мэт олон хүчин зүйлийг тооцож, тусгай аргачлалын дагуу хийдэг. Манай улс Номхон далайн баруун бүсийн орнуудаас түрүүлж энэ аргачлалыг нэвтрүүлж эхэлсэн. Салбар хоорондын сургалтыг 2019 оны арванхоёрдугаар сараас хийж байсан. Зарим улс хязгаарлах арга хэмжээг амжилттай авч, гуравдугаар шатнаас нэгдүгээр шат руу шилжсэн. Бидний хувьд өвчлөлийн дараагийн давалгаануудын хооронд бэлэн байдлаа бэхжүүлж, хамгийн хүндэрсэн нөхцөл байдалд бэлтгэх юм. Халдварын өндөр тархалттай орнуудыг харахад халдвар нийт хүн амын 0.3-0.5 хувийг эзэлж байна. Харамсалтай нь, шинэ коронавирусийн халдвар эдгэрсэн болон эсрэг биетэй хүмүүс халдвар авахгүй гэдгийг нотолсон нотолгоо байхгүй байна.

Эрүүл мэндий яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: ДЭМБ-ын Европын бүсэд халдвар өндөртэй байсан Итали, Испани, Франц зэрэг улсуудад шинээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч, нас баралтын тоо, шинэ тохиолдлын тоо бага зэрэг буурч байна. Тухайлбал, Испани улсад өнгөрөгч ням гаригт 288 нас баралт шинээр бүртгэгдсэн нь сүүлийн нэг сар гаруй хугацаанд хамгийн бага эндэгдэлтэй өдөр болжээ. Тус улсад өчигдрөөс эхлэн бүтэн хоёр сарын турш үргэлжилсэн хатуу хөл хорионы дэглэмийг бага зэрэг сулрууллаа. Тухайлбал, 14-өөс доош насны хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналт дор өдөрт нэг цагийн хугацаанд гадаа гарч тоглох зөвшөөрөл олгохоор болжээ. Ингэхдээ өглөөний 09.00 цагаас оройн 21.00 цагийн хооронд нэг цагийн хугацаатайгаар гэрээсээ нэг км зайд салхилах зөвшөөрөл өгчээ. Мөн хоорондоо хоёр метрийн зайтай байж, тоглоомоо солилцож болохгүй гэдэг дүрмийг заавал мөрдөх ёстой гэж тусгажээ.

Франц улсын хэмжээнд ням гаригт нас баралт буурч, нийт 242 нас баралт бүртгэгдсэний 152 нь эмнэлэгт, үлдсэн хүмүүс нь асрамжийн газруудад бүртгэгджээ. Засгийн газрын хувьд хөл хориог хэрхэн цуцлах төлөвлөгөөгөө энэ мягмар гаригт танилцуулна гэж мэдээлжээ. Итали улсын Ерөнхий сайд хөл хориогоо сулруулахаар танилцуулсан бөгөөд тавдугаар сарын 4-нөөс эхлэн барилгын болон үйлдвэрлэлийн салбарын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээх гэнэ. Хоёрдугаарт шатандаа тавдугаар сарын 18-наас музей, нийтийн номын сан зэрэг соёл, спортын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлнэ. Харин үсчин гоо сайхны газруудаа зургадугаар сарын 1-нээс нээхээ мэдэгдсэн. Сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сар хүртэл эхлүүлэхгүй байхаа мэдэгдсэн байна.

Герман улсад шинэ тохиолдол 1700 гаруйгаар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 154 мянга гаруй болсон. Нас баралт ням гаригт 140 тохиолдлоор нэмэгдэж, нийт нас баралт 5640 хүрчээ. Мөн эмнэлэгт хэвтэн эдгэрч гарсан хүний тоо 122 мянга гаруй болсон байна. Тус улсын нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний хувьд гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хоёроос дээш хүн цугларахыг хориглож, нийтийн эзэмшлийн газарт 1.5 метр зайтай үйлчлүүлэх арга хэмжээг авсан. Өнөөдрөөс эхлэн Берлинээс бусад бүх мужуудад нийтийн тээвэр, дэлгүүр, томоохон худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ эмнэлгийн зориулалтын бус амны хаалт зүүхийг хэрэгжүүлж эхлээд байна. Сингапур улсад өнгөрөгч ням гаригт 931 шинэ тохиолдол нэмэгдэж, 15 иргэн тухайн улсын иргэн бол бусад нь гадаадын цагаач ажилчид байжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү: Энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд шинэ коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 161 хүний шинжилгээ хийсэн. Уг шинжилгээгээр вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ, үйлчилгээ хийж байгаа сувилагч, үйлчлэгч нарын 19 хүнд шинжилгээ авахад вирус илрээгүй. Бид эмчилгээнд орохын өмнө эмч мэргэжилтнүүддээ шинэ коронавирусийн шинжилгээг хийж, рентгенээр уушигны зургийг нь авч хадгалдаг.

Ажиглах байранд тусгаарлагдсан 130 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүний дотор Москвагаас ирж, “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутны шинжилгээнд вирус илрээгүй. Тандалтын зорилгоор таван сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Дундговь, Дархан-Уул аймаг, Улсын нэгдсэн төв эмнэлэгт байгаа 15 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Бас нэг сайн мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ сөрөг гарч, бие нь эрүүл болж, “Энх саран” сувилалд шилжиж байна. Энэ хүн нийт 47 хоног эмчилгээ хийлгэсэн. Анх эмнэлэгт маш хүнд ирсэн. Эмчилгээнд орсон үеэс дэлхий биднийг анхааралтай ажигласан. Дэлхийн аль ч оронд Монгол хүн өвдөх эрсдэл байгаа учраас франц иргэнийг эдгээж сайхан хандсаны хариуг манай иргэдэд бас барих байх аа. Ер нь уушигны үрэвслийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хэвийн байлгахад онцгой анхаарч ажилладаг. Эмчилгээний үр дүн гарлаа. ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдийн бие тогтвортой байна.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version