Нийгэм7 хоногБоловсролНийслэл

Теле хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна

Дэлхий даяар тархаад байгаа Ковид-19 вирусийн цар тахлын аюулаас болж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа зогсож, сурагчид зайнаас хичээллэж байгаа энэ үед бүх сурагчид сургалтад бүрэн хамрагдаж чадахгүй байна. Энэхүү нөхцөл, байдлаас шалтгаалж, сурагчид хичээлийн хоцрогдолд орох эрсдэл өндөр байгаа тул асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 23-р лаборатори сургууль дээр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг болон дүүргүүдийн боловсролын газрын удирдлагууд ажиллалаа.

Тус сургууль нь багш-сурагчид онлайн хэлбэрээр холбогдож, хичээл заах, шалгалт авах боломжтой MOODLE системийг туршин хэрэгжүүлээд байгаа юм. Энэхүү системийг дэлхийн 200 гаруй орон нэвтрүүлсэн бөгөөд сургалтын амжилтыг ахиулсан үзүүлэлт гарсан байна. MOODLE системийг хэрэгжүүлснээр сурагчид тасралтгүй хичээлээ давтах боломжоор хангагдаж, багш нарын ажлын ачаалал хөнгөрч, багш сурагчийн эргэх холбоо сайжирч, сурагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх боломж бүрдэх юм.

Мөн тус систем нь компьютер болон гар утасны аппликейшн хэлбэрээр багш, сурагчдад хүрч байгаа тул онлайн орчинд хаанаас ч холбогдох боломжтой. Энэ нь COVID19 вирусийн тархалттай үед хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга болоод байна. Түүнчлэн хичээл хэвийн байдлаар явагдаж эхэлсэн ч MOODLE системийн ач холбогдол буурахгүй юм. Учир нь сурагчид анги дээрээ үзсэн хичээлийг гэртээ нөхөж судлах боломжтойгоос гадна хичээл бүрийн номыг программд оруулснаар хүнд цүнх үүрэхгүй байх давуу талтай. Харин эцэг, эхчүүдийн хувьд сурагчдын хичээлийг шалгаж, багшийн үнэлгээг харж, зарим тохиолдолд онлайн хэлбэрээр ангийн хуралд оролцох боломж, нөхцөл бүрдэж байгаа юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа холбогдох албан хүмүүст MOODLE системийг нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэх боломжийг судлах, теле хичээлийн зохион байгуулалт, элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой бэлтгэл ажлыг сайн зохион байгуулах, “Би Хариуцлагатай аав, ээж” аян, “Хотын соёл”-ыг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгөв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version