НийгэмОрон нутагЭх сурвалж

А.Отгонбаяр: Би хуулиар хамгаалагдсан бэлчээр нутагтай Монгол Улсыг хүсдэг

Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн А.Отгонбаяртай ярилцлаа.

Та юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулвал?

-Намайг Аюушийн Отгонбаяр гэдэг. Миний төрсөн Ховд аймгийн Дуут сум манай улсын хамгийн өндөрлөг газар. Би Монгол Алтайн нурууны хяр даган байрласан үзэсгэлэнт сайхан газар нутагт төрж өссөн азтай хүн. Манай Дуут нутгийн Урианхай ард түмэн дэлхийн өвд бүртгэгдсэн Алтайн Урианхайн баатарлаг туульс, цоор хөгжмийг өнөө цаг хүртэл Монгол түмэндээ өртөөлөн авч ирсэн гайхам өв тээгч, өвөрмөц ахуй соёлтой хүмүүс байдаг даа.

-Байгаль орчноо хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг байдаг. Таны хувьд энэ үүргийг хэзээ анх ойлгож мэдэрсэн бэ?

-Хүүхэд байхдаа. Манай нутгийн Хойд Цэнхэрийн  гол, Буянт гол дагуу улиас, хар,  цагаан бургас, нүхт улаан балганын битүү шугуйтай. Шугуйд орсон тэмээ, мал харагдахгүй тул эзэд нь хайж нилээн юм болдог байлаа. Харин сумын төвийн албан газрууд тэндээс түлшний мод бэлтгэж, аав минь тээврийн  тэрэгний жолооч тул хагас, бүтэн сайн өдөр мод татахаар явахад нь дагаж очино. Тэнд очоод сумын ах нар шугуйн моддыг үндсээр нь булга татан мод бэлтгэж байгааг харж үнэхээр балмагдаж билээ.

Мөн ахлах ангийн хүүхдүүдийг Хар дав гэдэг газарт аваачиж, нэг хүүхэд нэг уут  сонгино түүхийг даалгаж, дараа нь тэр уулын өвөр элс, хайрга болон үлдэхийг хараад маш их  харамсах, харамлах сэтгэл төрдөг байсан. 2005-2006 оны үед зөвхөн  Хойд Цэнхэрийн голын Балган тохойд ургадаг нэн ховор “Нүхт Улаан балгана” гэдэг ардын эмчилгээнд хэрэглэдэг мод үндсэндээ устаж үгүй болсон. 2007 онд сүүлчийн 3 бут үлдсэнийг хамгаалах зорилгоор БОАЖЯ-нд төсөл бичиж, батлагдсан боловч Мөнххайрхан сумын түгээмэл тархацтай “Хүрэн балгана торлон хамгаалах төсөл”-д  маань шилжүүлэгдсэн байсан. Манай сумынхан улиас, бургас тарьж ургуулах гэж хичээсэн боловч ургуулж чадаагүй. Мэргэжлийн ойн инженер төсөл хэрэгжүүлэн 1га-д чацаргана тарих ажил хийгдсэн боловч  мөн л ургуулж чадаагүй тул нэг сайхан хадлангийн талбай л үлдсэн гэж болно.

2008 оны 5-р  сард “Ховдын ирэйдүй сан”-ийн дэмжлэгээр  100 ширхэг бургасыг  сумынхаа айл өрх, албан  байгууллагуудад өгч 12 байрлалд тарьсан нь харин өнөөг  хүртэл ургаж байгаад урамтай явдаг. Ер нь байгаль дэлхий дахин сэргэхэд маш их хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг гэдгийг надтай хамт хичээсэн олон хүн мэдэрч ойлгосон. Тиймдээ ч 2008 онд Цэнхэрийн гол, Балинтийн хавцалд, 2009 онд Хойт гол буюу Буянт голын сав газарт байгалийн нөхөн сэргэлтэнд дэмжлэг үзүүлэх чиглэлээр сумынхаа  ЗДТГазартай хамтран цэргийн албыг дүйцүүлэн хаагчдын хүчээр хамгаалалтын хашаа  барих ажил хийсэн.

Ховд нутгийн бусад аймгаас ялгарах онцлог юу байдаг вэ?

-Манай Ховд аймаг бүх талаараа онцлогтой шүү дээ. Ховд аймагт манай улсын бүх л  үндэстэн, ястан амьдардаг. Энэ утгаараа сум бүрт  хүмүүсийн амьдарлын хэв маяг, ёс  жаяг, өв соёл, зан заншил нь ондоо. Их ажилсаг, тэмцэгч хүмүүс байдаг. Байгаль цаг уур нь хүртэл дэндүү эрс тэрс. Өндөр уулс, гол нуурын хөндийд нугын, уулархаг хээр, цөлөрхөг хээр, цөлийн гэх мэт олон хэв шинжтэй байдаг. Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ихтэй. Энэ нутгийн хүмүүс байгальтайгаа зохицон амьдралаа авч явахын төлөө тэмцэж амьдардаг гэж хэлж болно.

Хэдэн оноос эхлэн бэлчээр нутгаа хайрлан хамгаалах ажлыг хийж эхэлсэн юм бэ?

-2006 оноос эхлэн нийгэмд чиглэсэн янз бүрийн ажил хийж, “Нутгийн хөгжлийн төлөө”  ТББ байгуулан ажиллаж байлаа. Энэ байгууллагынхаа шугамаар байгаль хамгаалах  нөхөрлөл  байгуулах, хүмүүстэй нэгдэн мод тарих, хүнсний ногоо тарих, зарим газрыг орон нутгийн хамгаалалтанд авахуулах ажлыг зохион байгуулах, амьдралын  боломж тааруу өрхүүдэд гэр  олгох, Хойд Цэнхэрийн голд Буянт голоос загас шилжүүлэн суулгах, Алтайн Урианхайн “Өв соёлын наадам”-ыг санаачлах, “Алтайн Урианхайн оюутан  залуучуудын холбоо”-г  үүсгэн байгуулах зэрэг олон  ажлыг санаачлан хийсэн. Хамтран ажиллаж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан олон түмэн, найз нөхөд, тухайн үеийн оюутан залуус, сумдын удирдлагуудад үнэхээр талархаж явдаг.

2008 онд Ховд аймгийн Дуут, Мянгад сумдад бэлчээрийн менежментийн чиглэлээр  төсөл хэрэгжүүлэхээр болж, надад тавьсан саналын дагуу Монголын бэлчээрийн менежмэнтийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Дорлигсүрэнтэй уулзаж, ярилцсанаар энэ чиглэлээр ажиллах болсон юм. 2008 оны 08 сарын 23-нд хэсэг нөхдийн хамт Дуут суманд бэлчээрийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор “Нуман тамга” ТББ байгуулан ажиллаж  эхэлсэн. 20 гаруй хоногийн дараа тус сумын 80 гаруй малчидтай  анхны сургалтыг зохион  байгуулсан. Тэр үед одоогийн МБАНХ-ны  Гүйцэтгэх захирал  Н.Ганхуяг, ХААИС-н багш н.Гэрлээ, н.Эрдэнэчулуун нар ирж, сургалт зохион байгуулан  9 Бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/ байгуулан ажлынхаа төлөвлөлтийг хийсэн нь Ховд аймагт бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх ажлын эхлэл байв.

– Энэ ажлыг хийхэд ямар хүндрэл бэрхшээлүүд гарч байв?

-Энэ ажлыг хийгээд 12 жил өнгөрчээ. 12 жилд их ч юм хийж, хүндрэл бэрхшээлүүдтэй ч тулгарч, ард нь гарахад Ц.Энх-Амгалан, Д.Дорлигсүрэн,  Н.Ганхуяг, Д.Булгамаа, н.Жигжидсүрэн, н.Загдсүрэн зэрэг маш хүний, байгууллага хамт олон, малчин түмний хүч хөдөлмөр шингэсэн. Аливаа ажлыг хийхэд шулуухан бүтнэ, шуудхан энэ замаар хийх ёстой гэсэн зүйл байдагүй. Ялангуяа Монгол Улсын хэмжээнд эрх зүйн орчин бүрдээгүй, хуулийн зохицуулалт байхгүй, төрийн бодлого анхаарал дутагдсан энэ цагт бэлчээрийн  асуудлыг хүндрэл бэрхшээлгүй болчихлоо. Амжилттай сайхан хэрэгжүүлэн ажиллаж байна гэж би л хувьдаа хэлэхгүй. Их олон саад байдгаас ажилд хамгийн их түвэг учруулдаг гол зүйлүүдийг хэлэхгүй байж болохгүй. Энэ бэрхшээлүүдийн цаана маш их ашиг сонирхол байдаг юм болов уу.

Бэлчээр хамгаалах тухай хууль батлагдахгүй байгаа нь хамгийн том бэрхшээл учруулж байна. Учир нь:

  • Монгол Улсын ХАА-н эдэлбэр газраас /бэлчээрийн  газраас/ жил бүр хэмжээ нь багасаж газрын сангийн өөр ангилалд шилжсээр байна. Голдуу хайгуулын лиценц,  уул уурхайн ашиглалт, тусгай хэрэгцээний газарт шилжүүлэн авч байх хэн нэгний ашиг сонирхолтой холбоотой гэж би харддаг.
  • Хуулинд тусгуулахаар оруулж байгаа малчидын хэсэг бүлэгт бэлчээрийн газрыг  гэрээгээр ашиглуулах тухай заалтыг яагаад эзэмших, өмчлөх асуудалтай холбон тайлбарлаад байгааг гайхаж  байна. Ингэж нийгэмд буруу ойлголт өгч бэлчээр нутагаа бүрэн бүтэн байлгаж, хамгаалахыг хүссэн нутгийн иргэдэд саад хийх нь хэнд ашигтай бэ. Монгол  Улсад, малчин түмэнд лав ашиг байхгүй.
  • Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг улсуудаас Монгол маань хуульгүй,  бэлчээрийн талаарх төрийн нэгдсэн бодлоггүй ганц улс болон үлдлээ. Хуулийн зохицуулалтгүй эзэнгүй байлгах сонирхол хэнд байна вэ. Эзэнгүй өмч хөрөнгө хэсэг хугацааны дараа эвдэрч сүйддэг, алга болдог. Энэ хэнд ашигтай юм.
  • Монгол Улсад ашиглалтын гэрээтэй, эзэмшлийн гэрчилгээтэй газар тариалангийн бүс, тусгай хамгаалалтанд авагдсан газрууд хэзээ ч алдагдахгүй. Харин эзэнгүй байлгаж малчдын хэсэг бүлэгт гэрээгээр ашиглуулах эрх үүсгээгүй бэлчээрийн газар нь хэн нэгэн этгээдийн зарж, үрж, мөнгө болгох хэрэгсэл болгон хадгалсан зүйл юм уу.

Орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахад бэрхшээл үүсдэг. Учир нь:

  • Сонгуулийн дараа солигддог  орон  нутгийн шинэ удирдлагууд хамгийн том бэрхшээлүүдийн нэг. Шинэ удирдлагууд бэлчээрийн тухай ойлголт муутай байдаг. Төрийн өмнөөс бэлчээрийн асуудлыг чиглүүлэх мэргэжлийн байгууллага /бэлчээрийн алба ч юмуу/ байхгүй ТББ-н зүгээс учрыг хэлж ойлгуулах гэсээр 1-2  жил  өнгөрдөг. Учраа ойлголцоод ажил жигдэрч эхлэхэд дараагийн сонгуулийн ажил эхэлчихдэг.

Малын тоо толгойн хэт өсөлт. Учир нь:

  • Төрийн төв байгууллагуудаас гаргаж байгаа бодлого, шийдвэр ихэнхдээ малын тоо толгойг өсгөхийг дэмжсэн шинж чанартай байна.
  • Малын түүхий эдийн үнэлэмж муу. Ямааны ноолуураас бусад арьс, нэхий зэрэг нь үнэгүйдсэн. Мал, махны зах зээл зохион байгуулалт байхгүй, хэн нэгнээс хамааралтай байна.
  • Бэлчээрийн хортон шавьж царцаа, үлийн цагаан огтоно голомтлон тархсан газрынхаа бэлчээрийг  сүйтгэдэг. Бэлчээрийн зохицуулалтгүйгээс даацаас хэтэрсэн, өөрийн нутгийн бэлчээрээ сүйтгэсэн олон малтай малчид амжиргаагаа залгуулахын  тулд зэргэлдээх аймаг, сумдаар дамжин бэлчээр сүйтгэн хөнөөл учруулжбайна.
  • Бэлчээрийн газрыг ашиглан амьдралаа залгуулж байгаа хэн нэгнээс илүүтэй бэлчээр  нутагаа мэдэх нутгийн малчид малын тоо толгой хэт өсөж бэлчээрийн ачаалал,  даац  хэтрээд  байна,  цөлжөөд  байна  гээд  байхад  анхаарахгүйбайгаа нь хэнд ашигтай вэ. Монгол улс, малчин түмэнд лав ашиг байхгүй.
  • Улаанбаатрын түгжрэлээс илүү бэлчээртээ түгжиртлээ өссөн чанаргүй мал сүрэг Монгол Улсад төдийгүй байгаль экологид нөхөж баршгүй гамшиг, аюул учруулж байна. Энэ аюул хэнд ашигтай вэ.

-Үр дүнтэй хийгдсэн ажлуудаасаа онцлон дурьдвал?

-2008-2013 онд Ховд аймгийн бүх сумдад малчдын өөрөө удирдах байгуулагууд үүсгэн байгуулсан нь хамгийн том амжилт гэж боддог. Энэ хүрээнд Ховд аймагтаа 17 ТББ байгуулж, өнөөдрийг хүртэл багагүй ажлыг хийж амжуулжээ. Ховд аймгийн АБАХ-ны хамт олон маш их ажлыг хийсэн, сайн ч баг бүрдсэн гэж боддог. 2011 онд Бэлчээрийн үндэсний зөвлөгөөн, 2013 онд Хоршоологчдын үндэсний зөвлөгөөн, 2019 онд Бэлчээр үндэсний III форум зэргийг өөрийн аймагтаа, хамтрагч талуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

Жил бүр 1-2 удаа аймгийн хэмжээнд зөвлөгөөн уулзалтуудыг зохион байгуулж ирсэн. 13   сумын ТББ-н дэргэд малчдын хоршоо байгуулагдаж, сумдын хоршоодыг нэгтгэн “Алтайн уулсын оргил” дундын хоршоотой болсон байна. Хоршоодоор дамжуулан малчдын бэлтгэсэн түүхий эдийг захзээлд нийлүүлэх ажил тогтвортой хийгдэж байна. Үүнээс  “Ногоон алт” дундын хоршоотой хамтран сарлагийн хөөвөр, торомны ноос бэлтгэх, мал мах, хонины ноос, ноолуур, арьс шир нийлүүлэх ажил тогтвортой явагдаж байна.

Малчдын санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор 5 суманд тусгай зөвшөөрөлтэй хадгаламж зээлийн  хоршоо байгуулагдан амжилттай ажиллаж байна. Энэ ХЗХ-д бүс нутагтаа жишиг болохуйц идвэхтэй үйл ажиллагаа явуулдаг. 2020 ондоо дахин 5 суманд ХЗХ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ховд аймгийн хэмжээнд өнөөдөр 80 Бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/ байгуулагдан ажиллаж байна. Эдгээр БАХ-үүдэд 91 цэгт фотомониторингийн хэмжилт  хийж, ургацыг тодорхойлсноор 4-7 жилийн бэлчээрийн судалгааны мэдээлийн санг бүрдүүллээ.

Бүх БАХ-үүд 2016 он гэхэд сумынхаа Засаг Даргатайгаа “Бэлчээр ашиглалтын гэрээ” байгуулсан. Одоог уг гэрээнүүдийг Газрын мэдээллийн санд бүртгэлжүүлэх ажил явагдаж байна. Хамгийн анхны гэрээг 2010 онд Дуут сумынхаа 8 Бэлчээр ашиглагчын хэсэгт  байгуулсан нь тухайн үедээ үнэхээр ач холбогдолоо өгч чадсан. Тодруулбал, геологи хайгуулын “Сод маргад” компани Халзан Бүргэдтэйн орд газрын хайгуул хийхдээ БАХ-н  хурал 2 удаа хийж, малчидтай зөвшилцөлд хүрсэн. Тус компани газар нутгийн төрх байдлыг өөрчлөхгүйгээр өрөм тавих, соронзон хайгуул хийж ажлаа гүйцэтгэх, малчид болон сумын ЗДТГазрын зүгээс хяналт тавих ажлыг хийлгэж байв. Мөн Ар Цагаанбургасанд алтны олборлолт хийж байсан “Хүнд даац” компани ажлаа зогсоож байлаа.

2016 онд уг гэрээг шинэчлэн сумын Засаг даргын захирамжаар 40 жилээр сунган ажиллаж байна. Сумдууд өөр өөрийн онцлогт тохирсон “Бэлчээрийн журам” батлан гаргаж тухай бүрд нь өөрчлөн шинэчилж байна. Сумдын малчид журамаа мөрдөн ажиллахад ахиц дэвшил гарч, хил залгаа сумдын БМАХ-ийн уулзалтуудыг зохион байгуулдаг. Энэ уулзалтаар сумдын журмыг танилцуулж, бусад сумдынхаа малчдад ойлгуулснаар бэлчээрийн зөрчил эрс буурсан. Сумдад байгуулагдсан БМАХэсгүүдийн зөвлөлдөх   уулзалтыг аймгийн түвшинд зохион байгуулж, хамтын ажиллагааг харилцан уялдаатай зохион байгуулах чиглэлийг боловсруулан ажиллаж байна.

Аймгийн БМАХэсэг нь сумдынхаа БМАХ-үүдээс  санал авч анх удаа “Ховд бэлчээр”  хөтөлбөрийг аймгийн ИТХ-с  батлан гаргаж хэрэгжүүлж байгаа их сайн үр дүн юм. Хамтрагч талуудын оролцоотой боловсоруулж, Засаг даргаараа батлуулсан “Ховд аймгийн Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд оролцогчид  тус бүрдээ л хичээн ажиллаж байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд аймгийн ЗДТГазар, Мал эмнэлгийн газар, манай АБАХ хамтран Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн  хүрээнд “Малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцооны систем нэвтрүүлэх” ажил маань үнэхээр амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд зарим сумдын Мал эмнэлгийн тасгийн байрны асуудлуудыг шийдвэрлэх, 16 сумын Мал эмнэлгийн тасагт тоног төхөөрөмж нийлүүлэх ажлуудыг хийхэд хамтран ажиллаж, чадвахжуулах сургалт зохион байгуулж байна.

Бэлчээрийн нөөцийн зүй зохистой ашиглалтыг төлөвшүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог аажмаар, төлөвлөгөөтэй бууруулах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мал, мах бэлтгэхийн тулд малын эрүүл мэндээ сайжруулахыг хөхүүлэн дэмжих зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт Малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Хас Банктай хамтран “Ногоон зээл-Хариуцлагтай   малчин” хөнгөлөлтэй, хүү багатай   зээл авах боломжийг малчдад олгоод байна. 2019 оны 2 сарын 1-нээс 2020 оны 10 сарын 30-ныг хүртэл хэрэгжих энэ зээлийн хөнгөлөлт эдлэх боломжийг манай Ховд аймгийн Чандмань сумын малчдад олгосон. Ер  нь тоочоод байвал амжилттай олон сайхан ажил хийгдсэн байна.

-Төсөл  хөтөлбөрүүд орон  нутагт их хэрэгждэг. Танай аймгийн хувьд хамгийн оновчтой үр дүнтэй хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдээс онцолвол. Яагаад? 

-Төсөл хөтөлбөрүүд олон байгаа нь үнэн. Бүгд л өөрийнхөө чиглэл, зорилгынхоо дагуу явж байгаа. Харин бэлчээрийн чиглэлээрүйл ажиллагаа явуулдаг нь ТНС, Дэлхийн байгаль хамгаалах сан, Мерси кор, манай Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл. Үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхийг нь дүгнэхээсээ өмнө хамтын ажиллагааны талаар ярихыг хүсэж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан, Мерси кор, Ховд Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар хамтран “Ховд   аймгийн Бэлчээрийн менежмэнтийн төлөвлөгөө”-г гаргаж, аймгийн Засаг даргаар батлуулан хамтран хэрэгжүүлж байна.

Ингэснээр төсөл хөтөлбөр бүр өөр өөр зүйлийг ярьж, хийх биш Ховд аймгийн малчид руу чиглэсэн нэгдсэн нэг төлөвлөлт, нэг ойлголт, нэг дүрмээр ажиллах үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгосон. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа талууд маань өөрт оногдсон үүргээ биелүүлж  байгаа нь том амжилт юм. Хамтын ажиллагааны энэ хэлбэрийг цаашид ч хамгийн ирээдүйтэй арга гэж харж байгаа тул бусад төсөл хөтөлбөрүүд ч энэ төлөвлөгөөнд нэгдэн ажиллах байх гэж итгэж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангаас аймаг, сумдын БМАХэсгүүдтэй хамтран ажлын төлөвлөлт, гүйцэтгэлд анхаарах, зарим сумдад ХЗХоршоо байгуулах ажлуудад хамтран ажиллаж байна. Мерси кор төлөвлөгөөний хүрээнд малын эрүүл мэндийн зөөврийн хашаа нийлүүлэх, 8 сумын Бэлчээрийн менежмэнтийн төлөвлөгөөг шинэчлэн боловсоруулах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

-Ногоон алт малын эрүүл мэнд төсөл энэ онд дуусна. Ховд аймгийн АБАХ, БАХ, СБАХ-ын бие  даах  чадвар хэр сайн хөгжсөн бэ. Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна?

-Ховд аймгийн малчдын байгууллагуудын хөгжил, үйл ажиллагааны эрч хүч харилцан адилгүй байна. Олон шалтгаан байдаг ч тухайн байгууллагын дотооддоо бүрдүүлж чадсан соёл хэвшил, удирдагчийн арга барилаас шууд хамааралтай. Ховд аймгийн хувьд гурван сумаас бусад нь цаашаа ажиллаад, хөгжүүлээд явах боломжтой гэж харагддаг. Ер нь аливаа байгууллагыг удирдаж байгаа хүн бусаддаа хүлээн зөвшөөрөгдсөн, олны төлөө   гэсэн сэтгэл, итгэлээс ихээхэн хамааралдаг. Бас тухайн сум орон нутгийн удирдлагын санаачлага, үйл ажиллагаанд их чухал нөлөөтэй.

Өнөөдрийнх шиг бодлого тодорхойгүй, эрх зүйн орчин бүрдээгүй нөхцөлд орон нутгийн удирдлагын хувийн үзэмжээр асуудалд хандах нь их байдаг ч байгууллагын удирдлага ажлаа сайн гүйцэтгэхийн төлөө, нийгмийн сайн сайхны нөхцөл байдалд тохируулан   эвлэж ажилах шаардлагтай. Эвлэсэн бүхэн бүтдэг болохоор бүгд л хичээх хэрэгтэй.

-Байгаль  цаг  уурын өөрчлөлтийг дагаад бэлчээрийн доройтол үүсэх болсон. Танай аймгийн хувьд ямар байна. Юу хийвэл сайн үр дүнд хүрэх бол?

-Монгол Улсын бүх газарт бэлчээрийн даац хэтрэлтэй байгаа гэж ойлгодог. Үүнийг дан ганц байгаль цаг уурын өөрчлөлтөөс хамааралтай байна гэж үзэж болохгүй. Харин хууль эрх зүйн орчин байхгүйгээс үүдэлтэй гэж болно. Малчид бэлчээрийг эмх замбараагүй ашиглаж, малын тоо толгойг  нэмэгдүүэлэхэд хэт анхаарсан нь эргээд бэлчээр нутагаа  хүнд байдалд оруулж цөлжүүлж, талхалж байгаагаа мэдэж байгаа. Ухаант өвгөд минь “Ногоо дагаж бороо ордог” гэж ярьдаг. Өвс ногоогоо халцартал нь идүүлчихвэл, улайж гандсан газар юугаараа борооны чийгийг татаж газарт буулгах билээ.

Сүүлийн үед шинжлэх ухаан ч үүнийг батлаад байна. Тодруулбал, нэг ургамлын үндэс газрын гүнээс ус чийгийг автомашины дугуйг ханатал хийлэх хүчээр татдаг. Бороо оруулахаар өндөрлөг газарт суурилуулдаг газрын генаратор ч энэ зарчмаар ажилладаг. Гэтэл нүцгэрч ургамалан нөмрөггүй болсон, халж улайдсан хөрс борооны усаа ч тогтоож чадахгүй үерлэн урсчихаад байна. Зүйрлэвэл, улайтал халаасан зуухан дээр ус асгахад  тогтохгүй цацраад ууршаад алга болдог бол хөргөсөн зуухан дээр ус тогтож  л байдаг. Үүнтэй л адилхан зүйл.

Тиймээс байгаль цаг уурын өөрчлөлтөнд зохицон амьдрахын тулд малынхаа тоо толгойг Шинжлэх ухааны тооцоо судалгаанд түшиглэн бэлчээрийнхээ даацанд тохирсон зохистой түвшинд барих нь хамгийн үр дүнтэй арга юм. Малын тоо толгой өссөн нь дан ганц бэлчээр нутаг, байгаль орчинд нөлөөлөөд зогсохгүй  малчдын амьдралд, нүүдэлч малчдын   ахуй соёлд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна. Монголын  эрт дээр үеэс уламжлагдан   ирсэн үнэт өв соёлууд, хот айлын бүтэцээр уламжлагдан хэдэн мянган жилийг туулан өнөө цагтай золгосон гэдгийг судлаачид хэлдэг.

Харин өнөөдөр хот айл, саахалт айлын тухай ойлголт  хэт их малтайгаас болж байхгүй болж байна. Нэг хот айлын 2-3 өрхөд 500-1000 орчим малтай байхад л хамтдаа өвөлжөө, хаваржаандаа бууж ах захынхаа үг сургаалийг сонсон үүх түүх, үлгэр домог, зан заншил, өв соёлоосоо суралцан амьдардаг байсан. Гэтэл малчин айл бүрийн малын тоо толгой  ихэдсэнээр энэ байдал дуусгавар болж байна. Одоо малын тоо толгой хэтэрсэнээс  болж, мал маллах нь олон залуусын хувьд зүрхийг нь үхүүлсэн хүнд хүчир, зовлонтой ажил болоод байна. Саяхан л бид “Мал маллах сайхан шүү, малчин бидний жаргал шүү” гэж дуулж байсан. Мал маллах залуусын тоо цөөрч байна. Малын тоо толгой малчдын амьдралд сөргөөр нөлөөлж байгаагийн энгийн нэг жишээ ийм л байна.

-Нийт Монгол Улсын хувьд бэлчээрийн талаар хийж хэрэгжүүлж байгаа оновчтой ажлууд юу байна. Юуг хийвэл илүү үр дүнтэй байх бол. Төр нь юу хийхэв, төрийнбус байгууллага нь юу хийх вэ. Хувь хүн нь юу хийвэл зохих бол?

-Төр бодлого зохицуулалтаа хийж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлээд өгчихвөл бүх ажил урагшилах боломжтой. Бүх ажлын үр дүн эндээс л хамаарна. Бүх ажлыг 100 хувь гэж үзвэл 99 хувь нь үүнээс хамааралтай. Нэгдсэн нэг бодлого чиглэлтэй болж байж, бусад талуудын   хийх ажил нь тодорхой  болно. Би хуулиар хамгаалагдсан бэлчээр нутагтай, хуулиа биелүүлж газар нутагтаа түвшин сайхан амьдарсан хариуцлагтай малчидтай, өв соёлоо дээдэлсэн, байгаль орчиндоо ээлтэй хүн ардтай, бүх талаар хөгжсөн Монгол Улсыг хүсдэг. Өнөөдөр эрх зүйн орчин бүрдээгүй, төрийн бодлого тодорхойгүй байгаа учраас олон хүний хөдөлмөр зүтгэл талаар өнгөрч байгаад харамсаж явдаг даа.

П.Нарандэлгэр

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version