Хөрөнгө санхүүЭдийн засагЭх сурвалж

А.Ананд: Ипотекийн зээлийг хойшлуулахад орлого буурсан гэх нотлох баримт шаардахгүй

Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал А.Анандтай ярилцлаа.

Ипотекийн зээлийн хугацааг 6 сараар хойшлуулах шийдвэр яг ямар зээлдэгчдэд хамааралтай вэ. 5, 8 хувийн хөнгөлөлттэй зээл авсан зээлдэгчдэд үү, эсвэл банкны эх үүсвэртэй ипотекийн зээлд хамрагдсан хүмүүст үйлчлэх үү?

– Энэ хөнгөлөлт маань төрөөс санхүүжүүлж байгаа 5 болон 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хувьд хэрэгжиж байгаа. Банкнаас санхүүжүүлсэн ипотекийн зээлд энэ хөнгөлөлт хэрэгжихгүй.  Зургаан сар хүртэлх хугацаагаар хойшлуулахдаа тухайн иргэн маань банкинд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй. Зөвхөн хүсэлтээ тавихад хангалттай.

Иргэд хүсэлтээ өгөхөд тодорхой хугацаа тавьж байгаа юу?

– Зээлдэгч 5 дугаар сарын 1-нээс өмнө банкиндаа хүсэлтээ өгсөн байх ёстой. Улмаар 6 дугаар сарын 1-нээс өмнө банкин дээрээ очоод, гэрээ байгуулах хэрэгтэй.

Жишээ нь 8 хувийн ипотекийн зээл авсан иргэн банкинд орлогоо нотлох шаардлагатай юу?

– Банкнаас орлого нотлох ямар нэгэн бичиг баримт шаардахгүй.

Нэгэнт гаргасан шийдвэр хэрэгжихгүй байна гэх гомдол их байна. Монголбанкнаас гаргасан шийдвэр арилжааны банкуудад очсон болов уу?

– Монголбанк, МИК, ипотекийн зээлийг хэрэгжүүлж байгаа 11 арилжааны банк хоорондоо тохиролцоод, шийдвэрээ гаргасан. Шийдвэрийг арилжааны банкуудад хүргүүлсэн. Тэгэхээр одоо хэрэгжихэд ямар нэгэн асуудал байхгүй.

Иргэдийн хөндөж байгаа асуудлын хувьд жишээ нь банк 3 сарын хугацаанд үлдсэн зээлийнхээ нийт дүнгээс хүү тооцож авахаар байна гэх асуудлыг хөндсөн байна. Үүн дээр та хариулт өгөөч?

– Зээлээ хойшлуулсан 6 сарын хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөр иргэдээс шаардах ёсгүй. Тухайн зээлдэгчийн эргэн төлөлт доголдсоноос хойш зээлийн үлдэгдэл хугацааг 6 сараар хойшлуулж, долоо дахь сараасаа анх төлж байсан хуваариараа төлөөд явна.

Хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараар хойшлуулах шийдвэр гарсан. Хэрэглээний зээл гэж яг юуг хэлж байна вэ гэдэг дээр тайлбар хэлнэ үү?

– Хэрэглээний зээл гэдэг маань тухайн өрх, иргэдийн хувийн хэрэглээндээ зориулж байгаа зээлийн бүтээгдэхүүнийг л хэлж байгаа юм. Тухайлбал, малчны зээл, цалингийн зээл, лизинг, кредит картын зээл гэх мэтчилэн.

Хэрэглээний зээлийн хугацааг сунгахад ямар нэгэн бичиг баримт шаардах уу. Тухайлбал, иргэдийн хувьд хэрэглээний зээлийг хойшлуулах асуудал ажилгүй болчихсон иргэнд хамаарахгүй гэх асуудлыг хөндсөн байгаа?

– Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх тухайд арилжааны банкны зүгээс иргэний орлого ковид-19 цар тахлын улмаас хүндрэлд орсон гэдгийг өөрсдөө тогтооно. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалуудыг үндэслэн өөрсдийн боломжит нөөцдөө тулгуурлан орлого тасалдсаныг тогтоож болно.

Тэгэхээр заавал бичиг баримтыг бүрдүүлж байж, тухайн банк өөрсдөө асуудлаа шийдвэрлэнэ гэж ойлгож болох уу?

– Банкууд үүнийг дотоод журмаараа зохицуулж өгнө. Монголбанкны зүгээс ийм, тийм бичиг баримт бүрдүүл гэсэн зүйл байхгүй. Гэхдээ Монголбанк энэ шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа. Энэ долоо хоногоос эхлээд, нөхцөл өөрчилсөн бүх хэрэглээний зээлийн мэдээллийг аваад, нэгтгэхээр төлөвлөж байна.

Хэрэглээний зээл авсан иргэд орлогоо нотлоод, 12 сараар зээлийн үлдэгдэл хугацааг сунгаж болно гэсэн үг үү?

– Тийм. Тухайн зээлдэгч эргэн төлөлт нь хүндэрсэн тохиолдолд 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор банкиндаа хүсэлтээ гаргана. Банкууд иргэдийн хүсэлтийг цахимаар болон бичгээр авч байгаа. Улмаар банкууд харилцагчтайгаа холбогдоод, холбогдох шийдвэрийг гаргаад, гэрээг шинэчлээд явна.

Ахмадуудын тэтгэврийн зээлд ч бас хамааралтай юу?

– Эргэн төлөлт нь хүндрэлд орсон тэтгэврийн зээл байхгүй. Тийм учраас тэтгэврийн зээлд үйлчлэхгүй гэж ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр хэрэглээний зээл болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэрэгжүүлэхэд ямар нэгэн саадгүй болсон гэж ойлгож болох уу?

– Хэрэглээний зээлийн хувьд дөрөвдүгээр сарын 13-нд Мөнгөний бодлогын шийдвэр гараад, 14-ний өдөр бүх банкуудад шийдвэрийг хүргүүлсэн. Ипотекийн зээлийн хувьд ч мөн адил бүх шийдвэрүүд очсон байгаа тул саадгүй хэрэгжээд явна.

Хэрэглээний зээлийн хувьд нийт зээлдэгчдийн тэдэн хувь нь хамрагдах боломжтой гэх судалгаа гарсан уу?

– Хэрэглээний зээлийн хувьд зээл авах дээд хугацаа нь 30 сар, зээлдэгчийн сарын төлбөр сарын орлогын харьцаа нь 60 хувиас хэтрэхгүй гэсэн хязгаарлалтууд 2019 оноос хойш авсан зээлүүдэд үйлчилж байдаг. 2019 оноос өмнө авсан буюу эдгээр хязгаарлалтаас давчихсан байгаа зээлүүдийн хувьд хугацаагаа сунгах боломжгүй байсан бол одоо хугацаагаа сунгаад зээлийн сарын төлөлтөө багасгах боломжтой болсон гэсэн үг. Энэ нь нийт зээлийн үлдэгдлийн ойролцоогоор 40 хувийг бүрдүүлж байгаа. Бусад зээлдэгчдийн хувьд зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулаад хугацаагаа сунгаад явах боломжтой байсан.

Иргэдийн зүгээс банкин дээр их хүнд суртал гаргаж байна, хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй гэх гомдлыг их хэлж байна шүү дээ?

– Одоо бүх шийдвэрийг банкуудад хүргэсэн учраас ийм асуудал гарахгүй.

Ярилцсанд баярлалаа.  

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version