ЭМЯВидеоЭрүүл мэнд

300 ортой төрөх эмнэлгийг иргэдийг тусгаарлах зориулалтаар ашиглана

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургаадугаар сарын 1-нд хүлээн авч, эхний ээлжид Ковид-19 халдварын тусгаарлалтад ашиглах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өчигдөр гаргасан. Өнөөдөр тус эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин газар дээр нь ажиллалаа. Эмнэлгийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба бүрэн ашиглалтад оруулахад 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай юм байна.

Төлөвлөсөн ёсоор уг эмнэлгийг ирэх зургаадугаар сарын сүүлээр улсын комисст хүлээлгэн өгөх ёстой. Цаг үеийн шаардлагаар гадны улс орнуудаас авчирсан иргэдийг нэг дор байршуулах мөн тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан үзэж Улсын Онцгой комисоос дээрх эмнэлэгийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулах шийдвэрийг ийнхүү гаргаад байна. Одоогийн байдлаар сувилал, эмнэлэг, зочид буудал зэрэг нийт 20 гаруй газар иргэдийг тус бүр хуваан тусгаарлаад байгаа юм.

Удахгүй ашиглалтад орох тус төрөх эмнэлэг 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм. Гурван блок бүхий 9 давхар эмнэлгийг эхний ээлжинд энэ сард багтаан нэг блок барилгыг ашиглалтад оруулах үүргийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин ерөнхий гүйцэтгэгч компани “Томо бюлдинг” ХХК-д өглөө. Засгийн газраас тулгамдсан хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн тул эмнэлгийн тусламжийн бэлэн байдлаа ханган, үлдсэн хэсгийг хугацаа ёсоор зургаадугаар сард багтаан хүлээлгэн өгөхөд бүх хүч хүчээ дайчлан ажиллахыг хүсч, гүйцэтгэгч компанийн хамт олонд амжилт хүслээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version