БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 4 хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн болон гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан 4 хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрснээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох салбарын сайд, дарга нарт даалгасан. Энэ үндсэн дээр Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулан ажиллуулж байгаа.
Одоогийн байдлаар тус компани өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэлээ өргөтгөн өдөрт 3500 тонн хүртэл сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн тогтоолоор сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор сайжруулсан хатуу түлшний 1 тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг НӨАТ тооцсон үнээр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын айл өрхийн худалдан авах чадварыг бууруулах, улмаар амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгаа учраас сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачилжээ.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Байгалийн баялгийг хууль бусаар олборлож, нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас газрын доройтол ихэсч, орон нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдөх болсон ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин дутмаг, таслан зогсоох, хариуцлага тооцох хяналт хангалтгүй байна.
Иймээс хууль бусаар ашигт малтмал олборлогч буюу бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн хууль бус үйл ажиллагааг цэгцлэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээхтэй холбоотой асуудлыг чанартай хийлгэх, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага ногдуулах үндэслэлийг бүрдүүлэх, ял шийтгэлийг чангаруулах үүднээс Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журам баталж хэрэгжүүлснээр бичил уурхайн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн боломжтой болжээ.
Харин шинээр боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн тусгасны зэрэгцээ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авна” гэсэн зохицуулалт нэмэхээр тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт аливаа хэлбэрийн хүндрэл үүсэхгүй юм байна.
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай
Гишүүний санаачлан боловсруулсан уг хуулийн төсөл нь улсын тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх авсан ч амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж олноор барьж, дархан цаазат газрын байгалийн унаган төрх, төлөв байдал, дэглэм горимыг ноцтой зөрчиж байгааг таслан зогсоох, улмаар нутаг дэвсгэрийн нягтрал, хүн амын төвлөрөл, зам тээврийн ачааллыг багасгах, эвдэгдсэн, унаган төрхөө алдсан байгалийг нөхөн сэргээхэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгджээ.
Энэ үндсэн дээр Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас нь үл хамааран иргэнээс 1 ам метр талбайгаас 1000 төгрөг, хуулийн этгээдээс 1 ам метр талбайгаас 3000 төгрөгөөр тооцож Үл хөдлөх хөрөнгийн албан татвар авах зохицуулалтыг хуульд нэмэлтээр оруулахаар тусгажээ.
Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, хүн амын амьжиргааны 80 гаруй хувь нь цаг уурын нөхцөл байдлаас хамааралтай Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал тэргүүлэх зэрэгт тооцогддог бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (НҮБУАӨСК)-ийг 1993 онд, түүнийг хэрэгжүүлэх Киотогийн протоколыг 1999 онд, Парисын хэлэлцээрийг 2018 онд тус тус соёрхон баталсан.
Монгол Улс олон улсын дээрх конвенц, хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд олон талын болон хоёр талын механизмуудын хүрээнд бодитой дэмжлэг авч, идэвхтэй хамтран ажиллаж байна. Үүнд чухал дэмжлэг үзүүлж байгаа олон улсын санхүүгийн механизм нь 2010 оны НҮБУАӨСК-ийн талуудын 16 дугаар бага хурлаар 194 гишүүн орны нэгдсэн шийдвэрийн хүрээнд батлагдсан Уур амьсгалын ногоон сан (УАНС) юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд олон улсын түвшинд хүлээсэн үүрэг болон үндэсний түвшинд тодорхойлсон тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус сангийн дэмжлэг чухал ач холбогдолтой гэж үзэн “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах асуудлыг Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын захирамжаар олгогдсон эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулаад байна.