Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүдийг хүлээн авч уулзаж ярилцсан асуудлын талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-ын сонгуулийн бэлтгэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч СЕХ-ны гишүүдтэй уулзаж, үүрэг даалгавар өглөө. УИХ-аас ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан.
Монгол Улсын Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад СЕХ болон түүний гишүүдэд тодорхой үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Болзошгүй байдлын төлөвлөгөөг яаралтай хэлэлцэн батлах, эрсдэлтэй үед хэрхэн ажиллаж сонгогчдын саналыг авах тухай саналаа хүргүүлэх, санал авах байрны тоог нэмэгдүүлэхийг судлах, сонгогчдыг аль болох олноор нь цуглуулахгүй байх, сурталчилгааг хэрхэн явуулах зэрэг саналаа эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх үүрэг өглөө. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу үгүй юу гэдэг асуудал яригдаж байна.
СЕХ бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Хуулиар сонгууль зохион байгуулах үүрэг хүлээсэн. Бид эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал сонгуулийн бэлтгэл ажлыг хийнэ. Хоёрдугаарт, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуулиадад сонгууль хойшлуулахтай холбоотой заалтууд байдаг. Эрх бүхий байгууллагууд сонгууль хойшлуулах, зогсоох шийдвэр гаргавал СЕХ тэрхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. Харин Болзошгүй ажлын зардал нэмэгдэнэ. Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилбэл цаашид намууд, нэр дэвшигчид юу анхаарах вэ гэдэг дээр зөвлөмж хүргүүлнэ.
-Дэлхий даяар үүсээд байгаа нөхцөл байдал үргэлжилбэл сонгуулийн цахимаар явуулах боломж бий юу?
-Бид 2012 оноос хойш сонгуулийн цахимаар явуулах боломжийг судалж байна. Аюулгүй байдал, сонгогчийн саналын нууцлалтай холбоотойгоор гадны улс орнууд цахим сонгуулийг хэрэгжүүлдэггүй байсан. Бид Эстони улсын туршлагыг судалсан. Цахимаар явуулахад зардал гарна.
-Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах саналтай байгаа. Уулзалтын үеэр энэ саналаа илэрхийлсэн үү. Та бүхэн ямар саналтай байгаа вэ?
-Хэрэв хууль тогтоох дээд байгууллага сонгууль хойшлуулах шийдвэр гаргавал түүнийг л дагана. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийг товлон зарласны дараа УИХ сонгуулийг зогсоож болно гэсэн заалт байдаг. Товлон зарлахаас өмнө хойшлуулж болно.
-Үндэсний аудитын газарт нам, эвслүүд 19 мөрийн хөтөлбөр өгснөөс 12 нь шаардлага хангаагүй. Тэдгээр нам, эвслүүд сонгуульд оролцох боломжой юу?
-СЕХ-нд ҮАГ-аас намуудын мөрийн хөтөлбөр ирээгүй байна. Ирснийх нь дараа ярих асуудал.
-Ирц хүрэхгүй байх магадлал бий юү?
-УИХ-ын сонгууль түүхэндээ ирц хүрээгүй тохиолдол байгаагүй. 2016 оны сонгууль 70 хувийн ирцтэй байсан. Хэрвээ Их хурал сонгууль хойшлуулах шийдвэр гаргахгүй бол ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайн хийгээд сонгуулиа зохион байгуулна. Дэлхий дахинд парламентын сонгуулиа хойшлуулсан дөрөв, таван улс байна.