Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдан, хянагдаж байна
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 24 цагийн хугацаанд 212 орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Уг халдвараар 1.5 сая хүн өвчилж, 88,405 хүн нас барсан бол 339,731 хүн эдгэрчээ. Дэлхийн дахинд 1.1 сая хүн коронавирусийн халдварын эсрэг шинж тэмдгийн эмчилгээ хийлгэж байна. Вирусийн халдвар АНУ, Турк, Их Британи, Испани, Итали, Германд эрчтэй тархсан хэвээр байна.
Монгол Улсад үүссэн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Манай улсад 16 тохиолдол бүртгэгдсэн. 4 нь эмчлэгдэн эмнэлгээс гарч, сувилалд ажиглалтад байна. Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар 1,572 хүн тусгаарлах байранд байгаа бөгөөд тэдэнд эрүүл мэндийн болон бусад холбогдох албаны 310 хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, Энхсаран сувилал, Кентавр болон Хабу зочид буудалд байрлуулсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр ээлжит хурлаа хийсэн. Энэ үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом “Дэлхий дахин энэ вирустэй 100 дахь хоногтоо хамт байна. Цаашид байдал хэрхэн өөрчлөгдөж, тархалт хэр хэмжээнд байхыг таашгүй. Тиймээс улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Мөн тухайн бүс нутаг, улсын иргэд өөр хоорондоо эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Эв нэгдэлтэй байж аюулт цар тахлыг хохирол багатайгаар даван туулна хэмээн сануулсан” гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: “Их британид Лхагва гарагт 938 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралт 7,000-ыг давлаа. Франц улс дөрөвдүгээр сарын 15-н хүртэл тогтоосон хөл хориогоо цуцлахгүй үргэлжлүүлэх талаар шийдвэрээ урьдчилан мэдээлсэн байна. Япон улсад Лхагва гарагт 500 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэний 140 нь Токио хотод бүртгэгдсэн. Онц байдал зарласан талаар мэдээлэл хүргэхдээ тус улсын ерөнхий сайд Абэ Шинзо “Бид хүн хоорондын хавьтлыг 70-80 хувиар бууруулж чадвал хоёр долоо хоногийн хугацаанд тохиолдлын тоо буурна хэмээн манай мэргэжилтнүүд зөвлөж байна” гээд иргэд аль болох гэрээсээ гарахгүй, хязгаарлалтын дэглэмээ сахихыг анхааруулсан. Тус улс өдөрт 20,000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөн бэлтгэж байгаагаа мэдэгдлээ.
Хонг Конгод зайнаас харилцах арга хэмжээг үргэлжлүүлэх хугацааг дөрөвдүгээр сарын 23-н болгож сунгасан байна. Мөн тус нутагт дөрвөөс дээш тооны хүн цуглахыг хориглосон байгаа бөгөөд зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байгаа. Перу улсад зарласан онц байдлыг дахин хоёр долоо хоногоор сунгасан байна. Этиоп улсад халдварын тохиолдол 55, нас баралт 2 бүртгэдэж, онц байдал зарлажээ.
Өчигдөр ДЭМБ-ын Европын бүсийн захирал хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ Европын зарим оронд халдварын тархалтын муруйд өөрчлөлт орж, эерэг шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн ч тайвшрах болоогүйг анхааруулсан. Ялангуяа хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг сулруулах бус Европ тивийн улсуудын нэгдсэн хүчин чармайлт хоёр дахин нэмэгдэж байж тархалтыг бууруулна гэдгийг хэлсэн байна” гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 21 хүнээс коронавирус илрээгүй. Нийт 38 шинжилгээ хийлээ. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн зорчигчдоос 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт шинжилгээ хийж байна.
Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд орууллаа. Урд нь тусгаарласан байсан учир тэндээсээ онцолж батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан. Хяналт, шинжилгээ үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдан, хянагдаж байна.
Монгол Улсын Шадар сайд өчигдөр бидний ажилтай танилцаж баяр хүргэж, урмын үг хэллээ. ХӨСҮТ-ийн голомтод ажиллаж байгаа 200 хүнд 500,000-1,000,000 төгрөгийн урамшууллыг өгөхөөр болсноо бидэнд мэдэгдлээ. Эрүүл мэндийн сайд яаралтай хэрэгцээтэй эм, урвалж, тоног төхөөрөмж, өрөөнүүдэд шаардлагатай засвар болон ажилтнуудын илүү цагийн мөнгийг хурдан шуурхай шийдвэрлэж өгсөнд ХӨСҮТ-ийн хамт олон баярласнаа илэрхийлж байна” гэв.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– COVID-19 халдвар авсны улмаас эмчилгээ хийлгэж буй иргэд өөрсдөө эмчилгээний зардлаа гаргаж буй улс орон байгаа юу?
Д.Нарангэрэл: – Гадаадын улс орнуудад халдвар авсан иргэд өөрөө эмчилгээний зардлаа гаргаж байгаа талаар мэдээлэл одоогоор алга байна.
– БНСУ-д манай улсын нэг иргэн халдвар авсан гэсэн мэдээлэл байна. Та бүхэнд энэ мэдээлэл ирсэн үү?
Д.Нарангэрэл: Бид та бүхэнд өмнө нь мэдээлж байсан. ГХЯ-аар дамжиж ирсэн мэдээлэлд БНСУ-д хоёр иргэн өвдсөн гэдэг мэдээлэл байгаа.
– Халдварын 16 дахь тохиолдлын хавьтлуудыг шинжилгээнд хамруулсан уу?
А.Амбасэлмаа: 16 дахь батлагдсан тохиолдол болсон иргэн ОХУ-д сурч байсан. Тэнд нь өвчлөл гарчихсан байсан учраас бид ганцааранг нь тусгаарласан. Мөн хамт ирсэн буюу хилээр хамтдаа орж ирсэн хүмүүсийг нэг нэгээр нь Сэлэнгэ аймгийн бэлдсэн байрандаа тусгаарласан. Гуравдугаар сарын 26-нд ирсэн тэдгээр иргэдээс 27-нд шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Ингээд дөрөвдүгээр сарын 6-нд давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан юм. Энэ ирггэн халдвар аваад ирсэн байсан. Тухайн иргэнтэй машинд хамт явж ирсэн гурав, бусад байдлаар ойр харилцсан 11 хүнийг тогтоогоод тусгаарласан. Тэднээс шинжилгээ авч байгаа. Мөн 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Хариу нь гарахаар мэдээлэл хүргэе. Бид вирус ялгарах хугацааг тодорхой хугацаагаар хянаад шинжилгээг давтан хийгээд байгаа юм. 14 хоногийн дотор эрсдэлтэй бүэг хүмүүсээ давтан дахин шинжилдэг. Тиймээс давтан шинжилгээгээр вирус илэрсэн.
– Тусгаарлалтад байх хугацаандаа шинжилгээ огт өгөөгүй нэг иргэн байгаа гэх мэдээлэл тараад байна. Тусгаарлалтад байгаа бүх хүнээс шинжилгээ авч байгаа юу?
А.Амбасэлмаа: Тусгаарлалт, ажиглалт гэдэг хоёр өөр зүйл. Гуравдугаар сарын 28-нд хойд хилээ хаасан. Хил хаахаас өмнө ирсэн хүмүүсийг бид 14 хоног чек листээр хянаад өөрчлөлт гарсан тохиолдолд шинжилж байсан. Харин халдвартай тохиолдол гарснаас хойш бүх хавьтлыг шинжилж байгаа. Халдвар судлалын заалтаар хавьтлуудыг 2-3 удаа шинжилж байна.
– Халдвартай 16 иргэний насны талаар мэдээлэл өгөөч?
А.Амбасэлмаа: Халдвартай хүмүүс 11-65 настай. Дундаж нас нь 33.5 байгаа.