Улсын Онцгой комиссын тогтмол үйл ажиллагаа явуулж буй шуурхай штаб хуралдаж байна. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж, “Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахих” тухай дахин чухалчилж байна.
Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн. Түүнчлэн энэ иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэх, ингэхдээ тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал зэрэг дээр тулгуурлаж татах Засгийн газрын чиглэлийн дагуу ярилцаж байгаа аж.
Түүнчлэн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах тухай Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ярьж байгаа ба маргааш Улсын Онцгой комисс дээрх бүх асуудлаар хуралдах юм.