НийгэмХууль эрх зүйЭнэ сард

Н.Наранцогт: Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг IV.30-ны өдрийг хүртэл түр зогсоосон

Covid-19 халдварын тархалттай холбоотойгоор ОХУ, БНХАУ-аас хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд авч хэрэгжүүлж буй онцлог арга хэмжээ, хилийн боомтуудын үйл ажиллагааны талаар ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдлын хэлтсийн ахлах офицер Н.Наранцогтоос тодрууллаа.

-Гадаадын улс орнуудаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн ирэх эрсдэл нэмэгдсэн бодит байдалтай холбогдуулж ОХУ, БНХАУ-ын Засгийн газраас ямар хилийн хориг, хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ?

-Улс орон тус бүрээр хариулт өгье. ОХУ-ын Засгийн газраас гуравдугаар сарын 18-ны өдрийн 00.00 цагаас тавдугаар сарын 01-ний өдрийн 00.00 цаг хүртэл гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тус улсад нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарласан. Энэ хязгаарлалтад ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтан, олон улсын агаарын тээвэр, далайн тээврийн багийн бүрэлдэхүүн, төмөр замын зүтгүүрийн бригад, автомашины жолооч, албан ёсны төлөөлөгчид, ОХУ-д байнга оршин суух үнэмлэх бүхий иргэд, ойр дотны хүн нь нас барсантай холбогдуулан олгосон дипломат, албан, энгийн виз бүхий иргэд, агаарын хилийн боомтоор дамжин өнгөрч буй хүмүүст хамаарахгүй байгаа.

Гуравдугаар сарын 27-ны өдрөөс ОХУ-ын иргэний агаарын компаниуд халдварын голомт бүхий улсуудаас иргэдээ татан авчрах тусгай үүргийн нислэгээс бусад хуваарьт болон тусгай аяллын олон улсын нислэгийн хөдөлгөөнийг зогсоосон. Мөн автозам, төмөр замын боомтуудаар нэвтрэх зорчигчийн болон дамжин өнгөрөх хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс хязгаарлаад байна. ОХУ болон Беларуссын хуурай замын боомтын хөдөлгөөнд энэхүү хязгаарлалт мөн адил үйлчилнэ.

-Тэгвэл БНХАУ-ын чиглэлээр хийгдэж байгаа хязгаарлалт, хориг арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч?

-БНХАУ-д зорчих хүчин төгөлдөр виз, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 00.00 цагаас тус улсад нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарласан. Дипломат, албан ажлаар яваа болон “С” ангиллын визтэй зорчигчид энэ хязгаарлалт үйлчлэхгүй.Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны бизнес форум аялалын карт бүхий гадаадын иргэдийг тус улс руу нэвтрүүлэхгүй байгаа юм.

Хилийн боомтод виз олгохгүй бөгөөд  24, 72, 144 цагийн визгүй дамжин өнгөрөх журмыг түр зогсоож, Хайнань руу визгүй зорчих, Шанхай хотод далайн аяллын визгүй зорчих, Хонконг, Макаогийн бүс нутгийн гадаадын иргэд Гуандун мужид 144 цагийн групп визгүй зорчих, АСЕАН-ын орнуудын бүлэг жуулчид Гуанши жуан үндэстний ӨЗО-нд визгүй зорчих зэрэг визийн зөвшөөрлийн хөнгөлөлттэй журмыг түр хугацаанд зогсоогоод байгаа. Харин зайлшгүй зохион байгуулагдах эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламжийн шаардлагаар тус улсад зорчих гадаадын иргэд нь өөрийн улсад суугаа БНХАУ-ын дипломат төлөөлөгчийн газраасвиз авах боломжтой. Энэхүү мэдэгдэл гарсан өдрөөс хойш олгогдсон визийн үйлчлэлд уг хязгаарлалтын шаардлага нөлөөлөхгүй юм.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хилийн хэдэн боомт ажиллаж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд нийт 19 боомт ажиллаж байна. Үүнээс агаарын замын нэг /Буянт-Ухаа/, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт нийт найм, авто замын долоо /Булган-Такашикэн, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганц мод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүн хатавч, Баянхошуу-Өвдөг/, төмөр замын нэг /Замын-Үүд-Эрээн/, ОХУ-тай хиллэдэг хэсэгт нийт арав, авто замын найм /Цагааннуур-Ташанта, Тэс-Шарсуурь, Боршоо-Хандгайт, Арцсуурь-Цагаантолгой, Ханх-Монд, Алтанбулаг-Хиагт, Ульхан-Дээд Ульхан, Эрээнцав-Соловьевск/, төмөр замын хоёрбоомт /Сүхбаатар-Наушка, Эрээнцав-Соловьевск/ ажиллаж байна.

-Одоогийн байдлаар аль боомтуудыг түр хаагаад байна?

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат боомтуудыг түр хаасан. Мөн Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 102 дугаар тогтоолоор хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоогоод байна.

-Зарим хилийн боомтуудаар ачаа тээврийн автомашинуудыг улсын хилээр нэвтрүүлж байгаа шүү дээ. Эдгээр боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу?

-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Замын-Үүд авто замын боомтоор улс хоорондын ачаа, төмрийн хүдэр, нүүрс тээврийн автомашин, Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав төмөр замын боомтоор улс хоорондын ачааны галт тэрэг, Алтанбулаг, Цагааннуур, Боршоо, боомтоор улс хоорондын ачаа тээврийн автомашиныг улсын хилээр нэвтрүүлж байна. Мөн эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах ажлыг Хил хамгаалах байгууллага Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.

Эх  сурвалж: ХХЕГ

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version