Мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийлээ
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 дугаар удирдамж, аймгийн Засаг даргын А/134 дугаар захирамжийн дагуу Эрдэнэбулган сумын хүнсний худалдааны цэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 13-нд хийж, улсын байцаагчийн 22 актаар нийт 280 нэр төрлийн 2719 ширхэг, 106.9 кг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, ийнхүү устгасан байна. Зөрчил гаргасан ААН, байгууллага, иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.
БУЛГАН: Булган аймгийн хэмжээнд ой хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг 2020 оны 4-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд түр хугацаагаар хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Захирамжийн хэрэгжилтэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон сумдын Засаг дарга, Ой анги хяналт тавин ажиллана.
ДОРНОД: Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цахилгааны аюулгүй байдалтай холбогдуулан хийсэн урьдчилан сэргийлэх хяналтаар 305 дутагдал илрүүлж 196 дутагдлыг арилгуулан, 194 ААН-д зөвлөмж хүргүүлжээ.
ОРХОН: Орхон аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 03-р сарын 31-ний өдөр, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг 04-р сарын 1-ний өдрийн 13.00-18.00 цагийн хооронд тус тус зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд бүх байгууллага, ААН-үүд үйл ажиллагаагаа түр зогсоох, ачааны тээврийн хэрэгсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд хог тээвэрлэх ажилд сайн дураараа хамтран ажиллахыг уриалж байгаа бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байна.
ТӨВ: Төв аймгийн Борнуур. Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт амралт, сувиллын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ коронавирусын халдварын үед хилийн чанадаас ирэх Монгол иргэдийг тусгаарлан сэргийлэх чиглэлээр түр ашиглуулахаар өөрсдийн байрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн Баянбуурал, Баянхангай, Ахмадын сувилал, Дуган хад зэрэг амралт сувиллын газруудыг ЭМЯ, ХЗЯ, ХӨСҮТ, ЦЕГ, ОБЕГ, МХЕГ, Аймгийн МХГ-ын төлөөлөл болон УОК-ын гишүүд хамтран тус байрнуудын байршил, дэд бүтэц, зохион байгуулалт, агааржуулалт, ор дэвсгэр, эд хогшлын хангалт, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ үйлчилгээ явуулах боломж зэрэгт хамтарсан хяналт хийлээ.
Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 70431286, Цагдаагийн газрын 7043102 дугаарын утсуудад шуурхай холбогдон мэдээллийг иргэдэд уриалж байгаа бөгөөд мэдээлэл нотлогдсон тохиолдолд “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар 150000 төгрөгийн мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга ажлын 10 өдөрт багтаан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгохоор заасан байдаг.
Байгаль орчны хяналтын тухай хуулийн 27.1.6-д зааснаар байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах гэж заасан байдаг.
НМХГ: ОХУ-аас 03.29-ний өдөр тээвэрлэж ирсэн 22 ачааны машин бүхий хүнсний бүтээгдэхүүнийг Интердисижн, Техник импорт ХХК-ний гүний гаалийн бүсэд буулгах үеэр ариутгал халдваргүйжүүлэлт хийж, НМХГ-аас бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлт, бичиг баримтын хяналт шалгалт хийж байна.
Эх сурвалж: МХЕГ