- Монгол Улсын Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалжээ
- Эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал дутмаг байгааг судалгаа онцолж байна.
- Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд тусгай арга хэмжээ шаардлагатай
/2020.03.18, Улаанбаатар хот/
Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66,11, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,78 буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь 9,7 жил бусад дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12-рт, Ази, Номхон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байгаа нь нийгмийн сөрөг үзүүлэлтийг цогцоор нь судалсны үндсэн дээр уг асуудлыг Засгийн Газрын бодлогын түвшинд авч үзэх нэгдсэн санал дүгнэлтэд хүрснээ Жендэрийн Үндэсний Хорооноос мэдэгдэж байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Жендэрийн Үндэсний Хороо нь Үндэсний Статистикийн Хороотой хамтран “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, түүнд нөлөөлөх хүчин зүйлс”-ийг тодруулах зорилготой томоохон хэмжээний суурь судалгааг 2019-2020 онуудад явуулж, нэгдсэн дүгнэлт бүхий тайланг танилцуулж байна. Судалгааны тоон үзүүлэлтийг Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9-н дүүргийн 18-26 насны нийт 9356 эрэгтэй хүмүүсээс цуглуулсан бол чанарын судалгааг аймаг, дүүрэг бүрд 18-29 насны эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн бүлгийн ярилцлагаар явуулсан болно.
Суурь судалгааны голлох тоон дүнг дурдвал Монгол Улсын хэмжээнд дундаж наслалт 1992-2018 онуудад 70.2 болж 26 жилийн хугацаанд 7.4 жилээр нэмэгдсэн ба эрэгтэйчүүдийн дундаж наслалт энэхүү 26 жилийн хугацаанд 60.7-оос 66.1 болж 5.4 жилээр, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9-өөс 75.8 болж 10.9 жилээр нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч эрэгтэй болон эмэгтэй хүн амын дундаж наслалтын зөрүү өндөр, эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1,5 дахин их байна.
Эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 80 орчим хувийг халдварт бус өвчин эзэлж буй бөгөөд дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байна.
Бусад шалтгаанд
- 28.7 хувь нь зүрх, судасны өвчнөөр,
- 24.9 хувь нь хавдраар
- 7.6 хувь нь зам тээврийн ослоор,
- 5.0 хувь нь амиа хорлосон байна.
Нас баралтын шалтгааныг насны бүлгээр авч үзэхэд 15-44 насанд спиртийн хордлого, амиа хорлолт, мотоцикл, тээврийн ослоор, 45-с дээш насанд халдварт бус өвчний нас баралт зонхилж байгаа юм6
Судалгаа нь эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэмэгдэхгүй байгаа голлох шалтгаануудыг доорх байдлаар тодорхойлсон. Үүнд:
- Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв гэж мэддэг ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах дадал хэвшил муу байна.
- Эрэгтэйчүүд эмнэлэгт очоод үзүүлэх эрэгтэйчүүдэд зориулсан кабинет байдаггүй, хэнд үзүүлэхээ мэддэггүй.
- Мөн уламжлалт зан үйлээр эрэгтэйчүүд гэр орноо авч явна, хүчтэй байна гэдэг шалтгаанаар нэрэлхүү, зангаасаа болоод эрүүл мэнддээ анхаарахгүй байна.
Монгол Улсад дундаж наслалтыг нэмэгдүүлэх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээний 4 бодлого, 9 хөтөлбөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч яг дундаж наслалтын зөрүүтэй байдлыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр дутмаг байна. Цаашид эдгээр хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжруулах шаардлагатай гэж судлаач, мэргэжилтнүүд үзэж байна.
Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан Жендэрийн Үндэсний Хороо нь Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулж “Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг зөрүүг багасгах талаар оновчтой үйл ажиллагааг богино хугацаанд авч хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө” -г Засгийн газрын хуралдаанаар батлуулж, улмаар уг асуудлыг бодлогын түвшинд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Судалгааны эх хувь:
https://drive.google.com/file/d/1iHGBQ36AkCMLvwPbd1XUaRBzX41zc2x4/view?usp=sharing