НийтлэлНийгэмFocus

Төрийн минь сүлд өршөөж, түмэн олон минь амгалан байг  

Монгол орныг минь төдийгүй дэлхийн улс үндэстнүүдийг түшгээж байгаа энэ аюулт өвчин хурдан намжих болтугай.

… Европт олон жил амьдарсан ахан дүүтэйгээ уулзаж элгээ дэвтээх нэгэн байхад яаралтай хагалгаанд ороод харьж яваа явуулын хэдэн хүмүүст энэ удаагийн цар тахал төлөвлөгдөөгүй гэнэтийн цочрол байлаа.
Бүгд л богино хугацааны визтэй, ар гэр үр хүүхэд, хөгшид рүүгээ яарсан хүмүүс. Гэтэл явсан газар болгон нь хилээ хаана, нислэгээ цуцлана, гудамж талбайд ази царайтай биднийг илт эгдүүцэн харах нь мэдрэгдэнэ. Энэ үед хаачих билээ мэдээж нутгийнхаа хилийн зүг бүх боломжоороо тэмүүлнэ шүү дээ.

… Хиагт дээр оччихвол ядаж нутгийнхаа барааг хараад суух юм байна дараа нь хил нээгдэхээр гарна даа гэж бодож байсан бид 2-т “Монголчуудаа оруулж байгаа” гэсэн үгийг сонсоод хамрын самсаа шархиран баярлан хөөрч “Ээ Төрийн сүлд минь өршөө” хэмээн нулимстай нүдээр нутгийнхаа зүг наминчлан мөргөсөн юм.

Хиагт дээр манай хил гааль, онцгой албаныхан Монголоо зорин ирсэн биднээс тандалт судалгаа хийж, явсан маршрутаар нь бүлэг болгон, Монголоос орж ирсэн ариутгасан машинд суулгав. Бид ОХУ-ын хил гаалийн ажилчдад нэлээд нухацтай шалгуулсны дараа Монголынхоо алтан баганатай зэрэгцэн ирлээ.

Хилийн дээс алхаад л ” Сайн байна уу. ядрав уу, одоо юунд ч битгий санаа зов, Монголдоо ороод ирлээ шүү дээ” гэдгийг сонсоод нулимсаа барьж тэвчилгүй уйлж орхилоо.

“Бид чинь тэврээд авах төр засагтай, Монгол Улсынхаа иргэд шүү дээ” гэсэн бодол орж ирэн, Монгол хүн болж төрснөөрөө бахархсанаа нуугаад яахав.

Гадаадад яг энэ цаг үед бид үнэндээ хэн ч биш, өнөөх Вирустэй – Ази болж харагдана шүү дээ.

Хилийн дээс алхаад л Монголд маань Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал дээд зэргээр мөрдөгдөж байгааг өөрийн биеэр мэдэрлээ.

Бүх зорчигчид нэг удаагийн бээлий өмсөн, маск зүүн зарим нь нүдний шилтэй байсан бол хил хамгаалахын хүмүүс, онцгойгынхон мөн жолооч нар цав цагаан битүү хамгаалах өмсгөл өмссөн байв. Биднийг нэг нэгээр нь гарган ариутгал хийн, бүх ачаа барааг ариутган өгч, ирсэн ирснээр нь 3-4 хүнээр таслан тусгай өрөөнд оруулан хэд хэдэн хуудас бөглөн халуунаа хэмжүүллээ. Ингээд бидний хэсэг хүмүүс төрийн хамгаалалттай, ариутгал хийгдсэн тухлаг автобусаар Дархан хотын зүг хөдөллөө.

Зам замын дундаас гэртээ харих зам хамгийн сайхан гэдэг шиг.
Монголын минь уудам тал хөндий юутай үзэсгэлэнтэй.
Тэртээд бэлчих хонин сүрэг, ганц хоёр морьтой давхих хүмүүс гээд л ямар сайхан эх оронтой юм бэ хэмээн бахархан суулаа.

Шөнөдөө бид Дарханы эмнэлэгт ирлээ. Хамгийн ахмад нь гээд бид хоёрыг түрүүлж буулгалаа. 3 давхрын 312 тоот өрөөнд хувиарласан аж. Жирэмсэн эхийн өрөөнд ханьтайгаа 14 хонож, төрийнхөө хайр ивээлд нялхрах нь ккк.

Нээрээ үүдэн дээр бид 2 т нэг нэг цагаан тор атгуулаад “Улсын онцгой комиссоос өгч байгаа юм” гэлээ. Онгойлгоод үзтэл байхуу цай, ёотон, хуурай салфетка, боов, печень, 00 цаас, гар ариутгагч шингэн, бэлэн хоол, 1 удаагийн аяга, халбага байв.

Дахиад л нулимс, хүн хөгширөхөөрөө газартай ойртон намхан болж, нулимс нь олширч хүүхэд шиг болдог гэдэг шиг л “Баярлалаа баярлалаа” гэсээр өрөөндөө орлоо. Дотроо 00-той, 2 ортой өрөө. Нөгөө л төрөхийн өмнөх сэтгэл түгших мэдрэмж, эмнэлгийн төмөр орноос аврал эрин атгах тэр агшин.

Цонхны цаана Дархан хот гэрэлтэн дүнхийнэ, юу ч болоогүй мэт хэдэн шувуу модон дээр бөөр бөөрөө наан суужээ. Ингээд л УОК, Эмнэлэг, хувь иргэнтэй байгуулсан гэрээ, зөвлөмжтэй танилцан өдөр тутмын хяналтын хуудас дээрээ анхны үзлэг хийгдэж, халуунаа хэмжиж бичлээ.

Гэртээ ирсэн мэт нам унтжээ. Хаалга тогших чимээнээр сэрээд очтол өнөөх л инээмсэглэсэн, элэгсэг төрх, хүндлэл дүүрэн сувилагч эмэгтэй том тавган дээр сүүтэй цай, талх боов барьчихсан зогсож байлаа.

Өдөрт 5 удаа хоол цай өгч байна.
Өглөө 9 цагт сүүтэй цай, боов
11 цагт халуун чацаргана
13 цагт 1,2 р хоол
16 цагт халуун аарц
18 цагт оройн хоол
хүний биеийн дархлааг сайжруулах хоол, унд, цайг цагийн хуваарийн дагуу яг цагтаа өгч байна.

Монгол төр хүнээ нэг бүрчлэн анхаарч байна. Төрийн хайр хишгээ хүртэж буй бид сэтгэл зүйн хувьд их аз жаргалыг мэдэрч байна.

… Хүний нутагт хайртай ах дүүстэйгээ уулзан сар гаруй явахдаа хэлж чадахгүй л болохоос биш дотроо галзууртлаа хашгирч явснаа мэдэрч амсхийх мэт. Гэртээ үлдсэн хэдэн хүүхдүүдийн маань тог цахилгааныг тасалчихгүй байгаа, хоол унд нь юу болж байгаа бол, надаас болоод хөгшчүүл маань ямар нэгэн юм болчих вий, гадаадад үлдсэн хэд маань гайгүй байгаа, хоол ундаа нөөцөлсөн болов уу гээд л их олон зүйлд санаа зовсон байжээ.

Монголынхоо сайхан агаар, эмнэлгийн ажилчдын үйлчилгээ, сайхан сэтгэлээр барьсан амттай хоол, төрийн хайр ивээлд Монголын иргэн би жаргалтай байна.

Энэ дашрамд, гадаадад суугаа Монголын элчин сайдын яамны ажилтнууд/ Турк, Бельги/, Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ, хил гаалийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлынхан, Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн н.Уртнасан эмчтэй хамт олон, тус эмнэлгийн н.Наранцэцэг ахлагчтай гал тогооны хамт олон, тэдний ар гэрийнхэнд болон бидэнд тусалж дэмжсэн ах дүү, найз нөхөд бүгдэд нь ГҮН ТАЛАРХАЛАА ИЛЭРХИЙЛЬЕ. баярлалаа.

Төрд тангараг өргөсөн та нар минь энэ бол цагийн Эгэл баатрууд билээ.
Бид хамтдаа байхдаа хүчтэй.
Эх дэлхий минь, хүн төрөлхтөн минь бүхлээрээ эрүүл байг.

Хүн чанарын галыг атгасан Монгол хүний мөс чанар Дэлхийг гайхшруулах болтугай.
Монгол улсын иргэн болсондоо бахархаж байна.                                                                                      Монгол улс мандан бадраг.

Төрийн хайранд нялхарч, эх орноороо бахархсан би эх орон дуудсан цагт МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ зүтгэхэд бэлэн байна.

Төрийн минь сүлд ивээж
Түмэн олон минь амгалан байг.

Монгол улсын иргэн П.Дэлгэржаргал
Монгол улс. Дархан хот. Нэгдсэн эмнэлэг 312 тоот.
2020.03.19 19:45 цаг

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version