НийгэмЭнэ сардНийслэл

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар энэ сарын 10-нд ариутгал, халдваргүйтэлийг эрчимжүүлэн хийх зорилгоор түр хаасан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нээх болон Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу үйл ажиллагааг нь түр зогсоосон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг маргаашаас нээж байгаа юм.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ирэх долоо хоногт ариутгал, халдваргүйтэл хийнэ

Өнгөрөгч долоо хоногт зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож ариутгал, халдваргүйтэлийг хийсэн. Энэ хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 4528 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэн, илэрсэн зөрчилд арга хэмжээ авч ажиллажээ. Ирэх долоо хоногоос эхлэн цаг агаар дулаарч, нэмэх градус руу орох учраас нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны болон гэр хорооллын замд ариутгал, халдваргүйтэлийн ажлыг сайтар хийнэ гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.

Хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө сургууль, цэцэрлэгт дахин ариутгал, халдваргүйтэлийг явуулах шаардлага байгаа талаар дүүргүүдийн удирдлагууeдтай уулзаж, үүрэг өгсөн тухайгаа тэрбээр мөн онцолсон. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийг аж ахуйн нэгж, байгууллагууд биелүүлж, ариутгалын ажлыг сайн хийсэн гэдгийг хуралдааны үеэр мэргэжлийн байгууллагынхан хэлж байлаа.

Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, зориулалтын байртай болгоход анхаарна

Хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд “Нийслэл хотод байгаа 382 тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан.

Ар гэрээс нь хүсэлт гаргасан 126 иргэнийг гэрт нь хүлээлгэж өгсөн. Харин үлдсэн 238 иргэнийг тусгай төвд хүлээлгэн өгөөд байна” хэмээн нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс хэллээ. Эдгээр иргэдээс 38-аас дээш халуунтай 29 иргэн, сүрьеэтэй 14 иргэнийг тусад нь байрлуулсан байна.

Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Орон гэргүй, тэнэмэл иргэдийн эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллагууд тогтмол анхаар, хяналтаа сулруулж болохгүй. Шат шатандаа хяналт зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй. Энэ бол зөвхөн коронавирусийн үед халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хийж байгаа ажил биш.

Цаашид эдгээр иргэдийг зориулалтын тодорхой байртай болгож нийгэмшүүлэх, тохирох сургалтуудад хамруулах зэрэг ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран эхний ээлжинд хэдэн хүнийг сургалтад хамруулах, орон байрны асуудлыг нь хэрхэн шийдэх гэх мэт бүртгэл, судалгааны ажлыг зохион байгуулах шаардлагатай” хэмээн чиглэл өгөв.

Ахуйн архидалт нэмэгдэж, архины хордлогод орсон дуудлага ихэсчээ

Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажилласан байна. Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байжээ.

Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллах шаардлагатай байгааг хотын Захирагч энэ үеэр онцгойлон санууллаа.

Эрүүл мэндийн алба хаагчдын хамгаалах хэрэгслийн нөөцийн мэдээллийг сонсоно

Одоогийн байдлаар хотын 8 товчоонд 128 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг маргааш нээхтэй холбоотойгоор нэмэлтээр 73 алба хаагчид ажиллана гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр танилцуулсан юм. Эрсдэлтэй орчин нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн нөөц ямар байгаа тухай нэгдсэн мэдээллийг маргааш нийслэлийн Онцгой комисст мэдээлэхийг энэ үеэр даалгалаа.

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдааны төгсгөлд хотын Захирагч “Ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийж, элдэв зөрчил дутагдал гаргаагүй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг маргааш нээнэ. Энэ нь гуравдугаар сарын 10-ны шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагуудад хамаатай. Гэхдээ ариутгал, халдваргүйтэлийн ажлыг цаашид ч орхигдуулж болохгүй.

Мөн иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ. Гэвч ингэлээ гээд иргэд олноороо нэг дор бөөгнөрч, эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байх тал дээр хяналтаа сайтар тавих ёстой” хэмээн үүрэг болголоо.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version