Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” байгуулах ажлын хэсгийнхэн уулзав
Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” бүтээн байгуулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийн эхний хурал боллоо.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан тус ажлын хэсэг нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 2 сарын 20-ны өдрийн 23 тоот захирамжаар нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ажлын хэсэгт цогцолборын бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллах холбогдох 7 яам болох Сангийн яам, Гадаад харилцааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, АЖБЗГ-ын дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл, Хэнтий аймгийн Засаг дарга, аймгийн Ерөнхий архитектор болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл ажиллаж байна.
Ажлын хэсгийн эхний хуралдаанаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”, түүний дагалдах дэд бүтцийн байгууламжуудыг байгуулах ажлын төлөвлөгөө, хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Энэ үеэр цогцолборын концепц зургийн зохиогч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, дизайнер, зураач Д.Эрдэмбилэг тус бүтээн байгуулалтын гол үндсэн санааг ажлын хэсгийхэнд тайлбарлаж мэдээлэл хүргэлээ.
Энэ удаагийн хуралдаанаар төслийн дэргэд байгуулагдсан Барилгын техникийн ажлын хэсгийн дэд ахлагч, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга ажлын хэсгийн багт Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын барилгын иж бүрэн зураг төсөл боловсруулах, барилгын ажлын хяналт тавих зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд Эрчим хүчний яамны шинжээчийн танилцуулсан Дадал сумын эрчим хүчний өнөөгийн байдал, ирээдүйн хэрэглээний өсөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэн ЧХАЖЦ, авто зам болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтанд шаардагдах 35 Кв-ын цахилгааны шугамын ажлыг 2020 онд эхлүүлэх шийдвэр гарлаа. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг тодорхойлохоор Эрчим хүчний яамны төлөөлөл Дадал суманд ажиллахаар боллоо. Түүнчлэн цогцолборын бүтээн байгуулалтын ажилд бүх талын техник, мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллах Дэд зөвлөлийг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний яамны дэргэд байгуулахаар тус тус шийдвэрлэв.