Эх сурвалжFocus

Б.Ганзориг: Шүхэр надад эрх чөлөөг өгдөг

Тэнгэрийн уудамд дүүлэн нисч, агаарт удаан гэгч тогтохын жаргалыг шүхрээр нисч үзсэн хүн л мэдэрнэ. Төсөөлөмгүй энэ мэдрэмжийг мэргэжлийн шүхэрчин “Тэнгэрт л жинхэнэ эрх чөлөө байдаг” хэмээн тодорхойлов. Шүхрийн спортыг гал, ус гамшиг ослын үед аварч хамгаалахад ашиглахаас гадна хүмүүсийн нисэх мөрөөдлийг биелүүлж, спорт гэдэг утгаар нь улам хөгжүүлэхийг зорих болжээ.  Шүхэрчид сонирхлынхоо дагуу нэгдэж баг, клубээрээ амралтын өдөр уулын буулт хийдэг байна. Бид Яармагийн Арцатын аманд тэдэнтэй нэгдлээ.

Аврах ажиллагаанд онгоцноос 800 удаа шүхрээр буужээ

Бямба гаригийн өглөө нисэх төхөөрөмжийн нисгэгч, шүхэрчин Б.Ганзориг хэсэг нөхдийн хамт уулын шүхрээр бууж байв. Тэрээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбар, нисэх төхөөрөмжийн бүлгийн шүхэрчин аврагчаар ажилладаг ч ажлын зав, амралтаараа хоббиндоо хөтлөгдөн уул дамжин яваа нь энэ. Б.Ганзориг шүхрээр буугаад 24 жил болж байна. Тиймээс мэргэжлээ хобби болгож шүхрийн спортоор хичээллэх сонирхолтой залууст зааж сургахаас гадна хүмүүсийн нисэх мөрөөдлийг биелүүлдэг гэнэ.

Тэрээр анх 20 настайдаа Хэнтий аймгийн Байгалийн гамшигтай тэмцэх салбар гэж байхад шүхэрчин гал сөнөөгчөөр ажилд орж байсан тухайгаа “Би тавдугаар ангиасаа буудлагын спортоор хичээллэсэн. Тухайн үед орон нутагт шүхэрчид буулгаж, ой хээрийн түймэр унтраадаг алба байлаа. Тэдэнтэй хамт дадлага хийж шүхрээр буухыг нь харсаар байгаад л шүхрийн спортод дурласан. Өдийг хүртэл энэ спортод улам их татагдахдаа өөрийгөө шүхэрчин заяатай л гэж боддог” гэв. Харин орон нутагт шүхрийн анги хаагдахад сонирхол, хүсэл мөрөөдлөө дагаж 2007 онд Аврах тусгай ангид шилжиж ирснээр хойш өнөөг хүртэл шүхэрчин аврагчаар ажиллаж буй юм. Энэ хугацаанд гал түймрийн дуудлаганд явалгүй өнжсөн жил бараг үгүй. Ер нь л улсын хэмжээний томоохон түймэрт бүгдэд нь явсны дотор 1996 онд 50 гаруй хоног, 2002 онд 70-аад хоног Завхан аймгийн түймэрт үүрэг гүйцэтгэжээ.

Шүхрийн спортыг аврах ажиллагаанд ашиглахад үр дүнтэй. Түймрийг богино хугацаанд дарах, машин хүрэхгүй газарт шүхрээр бууна. Дэгдэлт бага үед нь түймрийг дарж хугацаа хэмнэх, тэр хэрээрээ зардал бага гарна. Онцгой байдлын албанд орсноос хойш үйлдвэр, гал түймэр зэргээр онгоцны шүхрээр 800-4000 метрийн өндрөөс 800 гаруй удаа буужээ. Мөн моторт шүхрээр нисдэг хүн Монголд 2-3-хан байдгийн нэг нь ахлах, ахлагч Б.Ганзориг юм.

Тэрээр “Онцгой байдлын алба сургуулиа төгч ирсэн шинэхэн ахлагчийг сонирхлынх нь дагуу бэлтгэдэг. Эрсдэлгүй спорт гэж байхгүй. Айдсаа давж чадах нь л чухал. Цаг агаарын нөхцөл байдлаа үнэлэхээс эхлээд бэлтгэл сургуулилт сайтай байх хэрэгтэй. Харин хөл гараа чангалаагүй. Бэлтгэл муутай хүн газардахдаа гэмтэх эрсдэлтэй. Уулын шүхрээр буухад салхи, цаг агаарыг мэдрэх ёстой. Хөндлөн болон ширүүн, ороосон салхитай үед эрсдэлтэй. Эгц өөдөөс чиглэлтэй жигд салхинд нисэх илүү тохиромжтой. Шүхрээр буух үед жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Эрх чөлөө тэнгэрт л байдаг” гэв. Харин хүүхдийг 15 настайгаас нь шүхрийн спортоор хичээллүүлэхэд тохиромжтой байдаг гэнэ.

Шүхэрчид амралтын өдөр зорчигчтой нислэг хийдэг

Онгоцны шүхэр зардал өндөр. Тиймээс Монголд шүхрийн спортыг хөгжүүлж, залуучуудын сонирхлын татахын тулд уулын шүхэр тохиромжтой. Машинаар, эсвэл алхаж очоод уулнаас шүхрээр бууж болно. Б.Ганзориг тандем буюу зорчигчтой нислэг хийдэг шүхрээр гурван жил бууж байгаа талаараа “Нисэхийг мөрөөддөггүй хүн гэж байхгүй. Бүгд л их бага хэмжээгээр тэнгэрт дүүлж үзэхийг хүсдэг. Тиймээс хүмүүсийн нисэх мөрөөдлийг биелүүлэхээс гадна шүхрийн спортыг залуучуудад таниулж, хөгжүүлэхийг зорьж байна. Уулын шүхрийн холбоо, клубын залуус сонирхлоо хөгжүүлэхээс гадна зорчигчтой нислэг хийдэг. Шүхрээр буух үед хөл, гар гэмтэлтэй. Жирэмсэн хүмүүсийг хүлээж авдаггүй. Шүхрийн даац 240 кг байдаг учраас 120 кг-аас доош жинтэй, хэдэн алхам гүйдэг хүн байхад л нисч болдог” гэлээ.

Уулын шүхэр аль болох өндрөөс буух тусам агаарт удаан тогтоно. Хамгийн багадаа таван минут, цаг агаарын таатай нөхцөл бүрдвэл цаг гаруй агаарт тогтох боломжтой юм байна. Харин бидний хувьд Яармагийн урд уулнаас 200-300 метрийн өндөрт таван минутын нислэг хийв. Уулын шүхрийн зорчигчтой буулт хоёр суудалтай. Зорчигч нүүрэн талд сууна. Харин салхины урсгалаа тааруулахын тулд суудал, шүхрээ үүрч багагүй алхлаа. Хөөрөхөд тохиромжтой газраа сонгосны дараа шүхрээ дэлгэж, оосороо шалгаж аюулгүй байдлаа хангана. Үүний дараа салхи сөрж багахан хугацаанд хурдан гүйгээд л тэнгэрт хөөрчихнө. Өөрөөр хэлбэл, шүхрийн спорт уул хаданд алхах дасгал хөдөлгөөн болохоос гадна нислэгийн үед стресс тайлж, сэтгэлзүйг тогтворжуулдаг. Мөн гоозүйн мэдрэмж суулгадаг гэнэ.

Агаарт хөөрч байх явцад шүхрээ залж буух цэгээ сонгоно.Буухдаа хөлөө 90 хэм өргөх зэргээр нислэгийн өмнө аюулгүйн зааварчилгаа өгнө. Сүүлийн үед шүхрээр буухыг хүссэн, энэ спортоор хичээллэж байгаа залуус олон болжээ. Мөн найз нөхдийн төрсөн өдрөө шүхрээр бууж эрүүл агаарт тэмдэглэх тохиолдол ч цөөнгүй байгаа аж. Бидний очих үеэр ч шүхрээр бууж ирсэн найзыгаа торттой угтаж, хөгжилтэй бичлэг хийж буй бүсгүйчүүд таарсан. Тэд “Төрсөн өдрөөрөө баар, караокед орох биш цэвэр агаарт хөгжилтэй мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлэхийг хүссэн. Экстрем спортод дуртай болохоор цаг агаар дулаарахаар дахин ирэхээр төлөвлөсөн” гэлээ. Шүхрийн клубынхан ч найз нөхөд, хамт олны захиалгаар тусгай үйлчилгээ үзүүлж, төрсөн өдрийн эзнийг нь үнэгүй нисгэх, бичлэгийг нь хийж өгөх зэргээр урамшуулдаг гэнэ.

Монголд шүхрийн буултын талбайгаас эхлээд спортын хөгжил төдийлөн сайн биш. Шүхрийн спорт олимпийн төрөлд орсон учраас хөгжүүлэх хэрэгтэй талаар Б.Ганзориг “Шүхрийн спорт хөгжиж эхэлж байна. Тэрдундаа залуучууд их сонирхож, хичээллэдэг. Шүхрийн спортоор идэвхтэй хичээллэж байгаа 40-өөд хүн бий. Заах эрхтэй багш нар клубын сургалт явуулдаг. Шүхрийн спортын хөгжил, дэмжлэгтэй холбоотойгоор нислэгийн талбай хомс. Ихэнх буултын талбайд орон сууц баригдсан” гэв. Тухайлбал, Яармагийн Арцатын ам төвд ойрхон учраас хүмүүс зорьж ирэхэд тохиромжтой газар ч барилга их баригдаж, талбай хомсоджээ. Шүхрийн спортынхон шинийн нэгний өглөө Асралт хайрхнаас буухаар төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: ОБЕГ

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version