Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, хуралдаанаар УИХ-ын дарга Г. Занданшатарт Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах асуудлаар санал хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ.
Саналд, Монгол Улсын Ерөнхий сайд Та Монгол Улсад үүсэж болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад бэлэн байх шаардлагын үүднээс дараах саналуудыг хүлээн авч яаралтай ажил зохион байгуулж хариу ирүүлнэ үү” хэмээжээ. Үүнд:
1. Эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх шаардлага байгаа эсэх талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Монгол банк болон Сангийн яамаар мэдээлэл хийлгэж эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байдалтай байгаа, импортын барааны орлого, зарлагын тооцооллын талаар, хот, хөдөөд хүнсний нөөц, хангамжийн хүртээмжийн нөхцөл байдал, эрсдэлээс хамгаалах тодорхой төлөвлөгөө болон эдийн засгийн бодит алдагдлын талаар танилцуулга хийх;
2. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд ард иргэдийнхээ хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх зорилгоор хүнсний нөөцийг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хөөрөгдөлд тавих хяналтыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний урсгалыг хэвийн үргэлжлүүлэх, импортын бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналт, хорио цээрийн шаардлагыг чангатгах, улсын хилээр нэвтрэх зорчигчдын урсгалд тавих өндөржүүлсэн хяналтаа сулруулахгүй байх;
3. Үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах, тэдний түрээс, дулаан, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлын талаар зохицуулалт хийж, ажлын байрыг нь хадгалах үлдэх нь тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Үүний тулд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой шийдлүүдийг судлан УИХ-д танилцуулах;
4. БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн төлбөр болон Монгол Улсын гадаад өрийн төлбөр тасалдахаас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөө, үр дүнгийн талаар мэдээлэл ирүүлэхийг хүсье.